Ордос охин хэмээх твиттер хаягаас Өвөрмонголчуудын яриа хэллэгийг дооглодогт сэтгэл эмзэглэж явдгаа нэгэн бүсгүй илэрхийлж, дүрс бичлэгээ оруулсан.
Үүнийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр өөрийн цахим хуудастаа "Хошин шогийн хэдэн "хүний эрхийг зөрчигч"алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд" хэмээх тайлбартайгаар нийтэлсэн нь хошин урлагийн жүжигчдийн бухимдлыг төрүүлээд байна.
Иймд гавьяат жүжигчин Н.Ариунболд, Н.Онон нар түүнтэй уулзахаар иржээ.
Гавьяат жүжигчин Н.Онон "Монгол Улс ардчилсан орон. Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ монгол төрийг төлөөлж буй, төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийнхөө хаягаар хошин урлагийнхныг доромжилсон. Шүүмжлэл бол байж болно. Шүүмжлэл, доромжлол нь асар их ялгаатай.
Би бол төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хууль сахиулах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж, ажил мэргэжлээр нь хүнийг доромжилсон тул албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Энэ мэргэжлээрээ бид гэр бүлээ тэжээдэг. Бид үр хүүхэдтэй, гэр бүлтэй хүмүүс. Алиа салбадайн хүүхэд гэж хүүхдээ хэлүүлмээргүй байна.
Манай хошин урлагийнханд алдаатай, оноотой зүйл байдаг гэвэл энэ нь шүүмжлэл. Харин алиа салбадай гэж доромжлохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Төрийн хүн ямар орчинд юу хэлэхээ мэддэг байх ёстой. Миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байгаа. Байж боломгүй үг хэлсэн гэж бодож байна" гэлээ.
Гавьяат жүжигчин Н.Ариунболд "Маш олон залуус жүжигчин болж гарч байна. Энэ залуус тухайн цаг үеийн хөгжлөөрөө инээдмийн жүжиг, кино, тоглолт, контент хийгээд чөлөөт уран бүтээлч болж байна. Тэд маань хоолондоо хүрэх гээд явж байхад ах нар нь дүү нараа өмөөрч, ир өгөхгүй бол ирж яваа залуучуудыг төрийн өндөр албан тушаалын хүн ирийг нь мохоож болохгүй.
Харин ч чөлөөт уран бүтээлчдээ төр нь дэмнэх ёстой байтал өөрийнхөө амны зоргоор уран бүтээлчдийг нийтээр нь хэлж болохгүй. Алдаа оноотой зарим уран бүтээлчийн зарим нэг уран бүтээлээр нь нийтийг хамруулдаг байдал хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан гэхэд итгэхэд бэрх байв. Чанга хашхирч, чанга ярьдаг, чанга шүүмжилдэг хүмүүс ажлаа хийж байгаа хүмүүст харагддаг юм болов уу. Хууль зүйн яам зөндөө ажилтай байх. Гэтэл хаа байсан Соёлын яамны, соёл урлагийн бодлого, боловсон хүчний ажил руу орж байдаг ямар их завтай хүн бэ гэж харж байна" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!