Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлээгүй"

А.Намуун, iKon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүн орнуудыг тодруулах нууц санал хураалтад Монгол Улс нэг санал авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ асуудалд Гадаад Харилцааны Яамнаас тайлбар өглөө.

Уг тайлбарт "Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдон амжилттай ажиллаж дууссан. Тухайн үед 172 санал авч сонгогдож байсан юм.

Энэ онд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн оронд нэр дэвшүүлээгүй. Нэг санал авсан тухай тайлбарлахад санал хураалт нууцаар явагддаг тул 193 улсын хэн нь ч Монгол гэсэн нэрийг тэмдэглэсэн байж болно" гэв.

зураг
 

ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мандхай "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн 2023-2025 оны гишүүний сонгууль энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо болсон. Энэ удаагийн сонгуульд бүс нутгийн 5 бүлгээс нийт 17 улс  нэрээ дэвшүүлж, 14 суудлын төлөө өрсөлдсөн. Монгол Улсын харьяалагддаг Ази, Номхон далайн орнуудын бүлгээс Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргиз 126 санал авч сонгогдсон. 

Африкийн орнуудын бүлгээс Өмнөд Африк 182, Алжир 178, Марокко 178, Судан 157,  Зүүн Европын орнуудын бүлгээс Гүрж 178, Румын 176, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили 144, Коста Рика 134, Баруун Европын болон бусад орнуудын бүлгээс Бельги 169, Герман 167 улсын санал тус тус авч сонгогдсон. 

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023-2025 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээгүй.  

Монгол Улс 2015 онд болсон НҮБ-ын ХЭЗ-ийн 2016-2018 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж, НҮБ-ын гишүүн 192 улсаас 172 улсынх нь саналыг авч сонгогдон, 3 жилийн хугацаанд амжилттай ажилласан.  

НҮБ, олон улсын бусад байгууллагын сонгуулийг нууц санал хураалтаар явуулдаг. НҮБ-ын ХЭЗ-ийн энэ удаагийн сонгуулийг ч энэ зарчмын дагуу нууц санал хураалтаар явуулсан. 

НҮБ-ын гишүүн улс аливаа сонгуульд санал өгөхдөө нэр дэвшсэн аль нэг улсыг дэмжихгүй, санал нийлэхгүй байгаа бол нэрээ дэвшүүлээгүй өөр нэг улсын нэрийг саналын хуудаст тэмдэглэх тохиолдол гардаг. Энэ эрх нь гишүүн улсад нээлттэй байдаг" гэсэн мэдээллийг өглөө.