Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн том эрсдэлийн форум 13 дахь жилдээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Бид цар тахлын амаргүй нөхцөл байдалтай нүүр тулаад өдгөө гурван жилийг үджээ. Энэ хугацаанд хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, иргэд, аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн бүхий л нэгжүүд тодорхойгүй байдалтай нүүр тулсан. Үүнийг нэг үгээр эрсдэл гэж тодорхойлно.

Харин нийгмийн болон эдийн засгийн эдгээр эрсдэлүүдийг шийдэх арга замыг эрэлхийлж, хамтдаа даван туулахын тулд Мандал Даатгал ХК 2009 оноос хойш “Мандал Эрсдэлийн Форум”-ыг жил бүр санаачлан зохион байгуулж иржээ.

Мандал Эрсдэлийн Форум нь улс орны эдийн засаг, нийгэм, бизнесийн салбарт тулгараад буй эрсдэлүүдийг судалж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулдаг. Түүнчлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад бодит хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэдгээрээ онцлог.

Эрсдэлийн форум нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд эрсдэлийн талаарх 90 орчим илтгэл, 132 панелистуудын оролцсон хэлэлцүүлэг, 12 удаагийн эрсдэлийн тайланг эмхлэн гаргажээ. Түүнчлэн уг форум зохион байгуулагдсан цагаас хойш 3 500 гаруй бизнесийн томоохон шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ юм.

Мөн 12 жилийн өмнөөс “Үндэсний суурь эрсдэлийн индекс” тооцох аргачлалыг бий болгож, эрсдэлийг хэмжих бодит хэмжигдэхүүнийг ашигласаар ирсэн билээ. Ингэснээр эрсдэлийн тухай зөвхөн хэлэлцээд зогсохгүй, хэмжиж, үнэлдэг болсон нь форумын бодитой үр дүн юм.

Энэ жилийн форумын онцлогийн талаар Мандал Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батзултай ярилцлаа.

- Мандал Эрсдэлийн Форум 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум бусад жилүүдийн арга хэмжээнээс юугаараа онцлог вэ?

- Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. 13 дах удаагийн “Мандал Эрсдэлийн Форум” нь урьд өмнөхөөс цоо шинэ форматаар зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээнд эрсдэлтэй тэмцсэн, эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн бодит кейсүүдийг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ ЭРСДЭЛИЙН БААТАР-уудыг алдаршуулах юм.

Үүний зэрэгцээ оролцогчдодоо зориулан шинэлэг хөтөлбөр, сонирхолтой бэлгийг бэлдэж байна.

- Энэ жилийн эрсдэлийн форум ямар хэлбэрээр зохион байгуулагдах вэ?

- Өнгөрсөн жилийн арга хэмжээ цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан. Харин 13 дахь удаагийн Мандал Эрсдэлийн Форум 10 сарын 12-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд биетээр зохион байгуулагдах болно. Арга хэмжээнд  Монгол Улсын ТОП-300 компанийн удирдлагууд оролцохоор төлөвлөгдөж байна.  

- Энэ жилийн форум дээр ямар эрсдэлүүдийг хэлэлцэхээр бэлтгэсэн байгаа вэ?

- Мандал Эрсдэлийн Форумаар эдийн засаг, нийгэм болон кибер эрсдэл гэсэн гурван сэдвийн хүрээнд мэргэжилтнүүдийн судалгааг танилцуулан хэлэлцэхээр бэлтгэж байна.

Форумаар дараах сэдвийг хөндөнө:

  • ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛ

Энэ хэсэгт дэлхийн эдийн засгийн хямрал, долларын ханшийн эрсдэл зэрэг нь манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, болзошгүй эдийн засгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бий болж буй боломжуудыг мэргэжлийн шинжээчид хэрхэн таамаглаж байгааг хүргэнэ.

  • НИЙГМИЙН ЭРСДЭЛ

“ДЦС-3” ТӨХК-ийн дунд даралтын станцын ашиглалтын хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот хөлдөх бодит эрсдэл дунд байгаа гэсэн үг юм. Энэ нөхцөлд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар хэсэгт хэлэлцэнэ. Түүнчлэн дэлхий дахинд цар тахал эрчимжиж, Ковид-19-өөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа энэ цагт дараагийн цар тахлын давлагаанд бид ямар бэлтгэлтэй байх талаар мөн мэргэжилтний судалгааг хүргэнэ.

  • КИБЕР ЭРСДЭЛ

Орчин цагт бүхий л байгууллагууд дижитал шилжилт хийж, кибер орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй ч холбоотой энэ удаагийн форумаар Кибер халдлагын эрсдэлийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн статистик тоон мэдээлэлд суурилан хэлэлцэхээр бэлтгэж байна.

Та “Мандал Эрсдэлийн Форум”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.risk.mn вэбсайтаас авах боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.