Ц.Санжжав нь 1969 онд Улаанбаатар хотноо Ховд нутгаас гаралтай Цэвээн-Очир болон Цэднээ нарын гэр бүлд айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд Улаанбаатар хотод Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1981-1986 онд мэргэжлийн бүжигчнээр, 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийг Олон улсын харилцааны эдийн засагчаар төгсөж, 2018-2019 онд Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэргийг “Байгууллагын Хүний нөөцийн тогтвор суурьшлыг сайжруулах арга замууд” сэдвээр хамгаалсан.
1985-1991 онд Улсын дуу бүжгийн чуулгад мэргэжлийн бүжигчнээр ажиллаж байгаад 1998 онд “Шимт хүнс” дүүпүүний үйлдвэрт Дэд захирлаар, 1998 - 2001 онд “Сан Хэ” оёдлын үйлдвэрт Захирлаар тус тус ажилласан билээ. “БльюМон” Группийн Ерөнхий захирал Ц.Санжжав нь бизнесийн үйл ажиллагаагаа хоол хүнсний салбарт анх эхлүүлж байсан бөгөөд өдгөө салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж болсон төдийгүй худалдаа, үйлчилгээний салбарт олон улсын брэндүүдийн франчайзингийг дотоодын зах зээлд нутагшуулах, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж цаашид энэ салбарт дэлхийн стандартыг нутагшуулах, тэргүүлэх компани болох зорилт тавин ажиллаж байна.
Түүнчлэн газрын тосны тээвэрлэлтийн чиглэлээр түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд аюулгүй, найдвартай тээвэрлэх, дотоодын тээврийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах ажилд гар бие оролцон ажиллаж байсан арвин туршлагатай бизнес эрхлэгч юм. Тэрээр 2000 оноос “Цэ энд Цэ” ХХК-г анх үүсгэн байгуулж өөрийн бизнесийн гараагаа эхэлснээс хойш өдгөө 19 жилийн хугацаанд Нийтийн хоол үйлчилгээний салбарт “Нью Булл”, “Нью Буффало”, “Шөлөндө”, “Сура Хаус”, “Жигнүүр бууз”, “Монгол Шар Айраг Брьювери”, Худалдааны салбарт “Хүрд трейд”, “Nike” “Converse” брэнд, Үл хөдлөх хөрөнгө болон барилгын салбарт “Түрэлт”, “БльюМон Пропертийс”, “Петротранс”, “Петротранс Топ”, “Петротранс Дорнод” компаниудыг үүсгэн байгуулж Ерөнхий захирлаар ажиллаж байна.
2013 онд Ц.Санжжавыг Нийслэл хотыг хөгжүүлэх их үйл хэргийг бүтээхээр өөрийн оюун ухаан, идэвх зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буйг нь үнэлж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өргөмжлөлөөр, Нийтийн хоол, үйлчилгээний салбарт амжилттай явааг мөн өндрөөр үнэлж 2014 онд Хөдөө, Аж Ахуй, Хүнсний Үйлдвэрийн “Тэргүүний Ажилтан” хүндэт тэмдэг, 2014 онд Ховд аймгийн бизнес эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн шалгаруулж Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн нэгэн аравны “Онцлох Хүн” Өргөмжлөл, 2015 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол ардын намын 90 жилийн ойн медал, 2016 онд Алтан гадас одон, 2019 онд Ирэх цагийн Их Будда Майдар бурхныг залах их хэрэгт 25,000,000 төгрөгийн хандив өргөсөнд талархан Бурхан шашинтны, соёл уламжлалын төв Гандан Пунцагчойлин хийд болон Ховд аймгийн хөгжлийн төлөө сангаас “Өргөмжлөл”-өөр тус тус шагнаж байсан.
Нийтийн хоол, үйлчилгээний салбар, Худалдааны салбар, Нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд болон Монгол улсын хөгжилд оруулсан Ц.Санжжавын хувь нэмэр, хүчин чармайлтыг үндэслэн “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагналаа.
Э.Сүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!