Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ганхуяг: Сонгуулийн циклээс өмнө банкны реформыг эхлүүлэх ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг өөрчлөлтөд системийн нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр сунгах тухай асуудлыг тусгасан юм. Системийн нөлөө бүхий таван банк 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөрт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компани болох буюу IPO хийх байв. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. 

Улмаар банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах асуудлыг Засгийн газраас оруулж ирж, хэлэлцүүлж буй нь энэ юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хугацаатай холбоотой асуудлыг бид маш их ярилцаж байж шийдсэн. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээшгүй хувийн хувьцаатай байх ёстой гэдэг зарчим байгаа. Банкууд төрийн өмчийг луйвардаж авахаас гадна сонгуульд хүртэл нөлөөлөөд байгаа мэдээлэл байсан. Үүнийг хаах зорилгоор сонгуулийн циклээс өмнө банкны реформтой холбоотой хугацааны зохицуулалтыг зааж өгсөн юм. Гэтэл энэ хугацааг сунгах гэж байна. Энэ бол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж буй хамгийн том реформ юм.

Яагаад 4-5-хан хүнээс болоод хойшлуулах гэж байгаа юм бэ. Үндэслэл нь хангалтгүй гэж бодож байна.

Банкууд өнгөрсөн жил ч IPO гаргах боломжтой байсан. Ноднин хов хов хоосон койнууд руу хоёр их наяд төгрөг орсон шүү дээ. Үлдэх үнэ цэнгүй зүйл рүү хоёр их наяд төгрөг оруулчихсан. Гэтэл өнөөдөр 500 тэрбум төгрөгийн хувьцаа гаргахад мөнгө олдохгүй байж магадгүй гэдэг зүйл ярьж байна.

IPO гаргахдаа заавал эхлээд бүгдийг нь гаргах албагүй. 4-5 хувиа ч түрүүлээд гаргаж болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл нэмэгдэл хувьцаа гаргаад, хувь эзэмшлээ тодорхой болгоод явах боломж байгаа.

Нэг жилээр сунгахаар энэ үйл явц боломжгүй болно. Өнгөрсөн хугацаанд бэлдэж амжаагүй, амжуулахыг хүсэхгүй байгаа зарим банк 80 хувиа бусдад шилжүүлэх, хувьцаа шилжүүлэх процесс явагдахгүй. Ингэж явсаар дахиад сунгах асуудал яригдана.

Тэгэхээр энэ асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна” гэв.