Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих 75 арга хэмжээ хэрэгжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 11
iKon.MN
зураг
 
parliament.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон төсөв, өр, гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан 2022 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байгаа болон 2023 онд шилжүүлэн дуусгах төсөл, арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд нийцүүлэх зарчим баримталсан гэдгийг Б.Жавхлан сайд онцоллоо.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн байна.

Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсруулсан.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван үндсэн хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго, 75 багц арга хэмжээг тусгасан байна. Ингэхдээ тус бүрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж, суурь болон зорилтот түвшин, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тооцжээ.

2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа.

зураг
 
parliament.mn

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс өмнөх оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн эсэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрхэн анхаарсан зэргийг тодрууллаа.

2023 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 75 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ бүгд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжинэ гэв.

Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.