Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө улсын хэмжээнд согтуугаар жолоо барьсан 375 зөрчлийг илрүүлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө улсын хэмжээнд зохион байгуулжээ.

Хяналт шалгалтад нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дах цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 

Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 375, үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.

Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлсхийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж, зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 гэмтсэн байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас жолооч 5, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.