Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.
Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ. 2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням анхаарууллаа.
Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна.
Мөн тэрбээр “Өнгөрч буй 14 хоногийн хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна" гэв.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд,ААН байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!