Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр яригдсан асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна” хэмээв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ” хэмээн танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв.

  • 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.
  • Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах.
  • Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах.
  • Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
  • Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах.
  • Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
  • Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж ажиллахыг үүрэг болгов.