Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

ikon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт барилаа.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж, 2005 оноос хойш ДНБ-д эзлэх хувь 20 гаруй хувьд хүрчээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсын ДНБ-ий 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг тус тус бүрдүүлж буйн хувьд тус салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Тиймээс уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал.

Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд олон хүндрэл гарч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсан зэрэг асуудлууд тулгарч байна.

Эдгээр асуудлыг зохицуулах зорилгоор УУХҮЯ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг анх удаа боловсруулан өргөн барьжээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгажээ.