Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс гадаад иргэдийн гадаадад тариулсан вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөхөөр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар гадаад иргэдийн гадаад оронд коронавирусийн эсрэг вакцин тариулсан гэрчилгээг хүлээн зөвшөөрөхөөр болсноо өчигдөр зарлажээ.

Өнөөдрөөс эхлэн гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа орон нутгийн эрүүл мэндийн төвд биеэр очиж, гадаадад тариулсан вакцины гэрчилгээгээ бүртгүүлснээр тус улсад хэрэглэгддэг COOV COVID-19 гар утасны аппликэйшнд мэдээллээ оруулж болох юм байна.

Ингэснээр вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн давуу эрхийг эдлэх боломжтой болох ажээ.

Өмнө нь зөвхөн гадаадад вакцинжуулалтад хамрагдсан Өмнөд Солонгосын иргэдийн гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг байсан юм.

Гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхаж байгааг АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Энэтхэг улсуудын элчин сайд нар шүүмжилсний хариуд Өмнөд Солонгосын тал ийм арга хэмжээ авчээ.

Гадаадад вакцины хос тунд хамрагдсан гадаадын иргэд нэмэлт тунгаа Өмнөд Солонгост тариулах боломж бас нээгдэж байна.

Тус улсын засгийн газар зөвхөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакцинуудын гэрчилгээг дархлаажуулалтын системдээ нэмэх юм.

Үүнд Pfizer, Janssen, Moderna, AstraZeneca, Covishield, Sinopharm, Sinovac, Covaxin вакцинууд багтаж байна.

Лхагва гарагт Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 7,102 тохиолдол шинээр нэмэгдсэн нь хоёр дахь өдрөө 7,000-ыг давсан үзүүлэлт болжээ. Өмнөх өдөр нь 7,147 тохиолдол бүртгэгдэж байв.

Омикрон хувилбарын тохиолдол өмнөх өдрийн 22-оос огцом нэмэгдэж, 60 хүрсэн байна. Лхагва гарагийн оройн байдлаар Өмнөд Солонгос даяар эрчимт эмчилгээний орны ачаалал 85 хувьд хүрснээс нийслэл Сөүлд 88.4 хувьд хүрчээ.

 

Эх сурвалж: Korea Times