Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байдены санаачилсан $1 их наядын дэд бүтцийн хөтөлбөр юунд чиглэх вэ?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан $1 их наядын дэд бүтцийн хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг конгрессын төлөөлөгчид 228:206 харьцаагаар дэмжжээ. Ардчилсан Намын бүх төлөөлөгчдөөс гадна Бүгд Найрамдах намын 13 төлөөлөгч дэмжсэн байна.

Удаан яригдсан уг хөтөлбөр хэрэгжвэл ирэх 10 жилийн хугацаанд жил бүр 1.5 сая ажлын байр шинээр бий болгох юм.

“Өнөөдөр бид улс үндэстнийхээ хувьд асар том алхам хийж байна. Өнөөдрөөс хойш иргэд маань өнгөрсөн үе рүүгээ эргэж хараад 21 дүгээр зууны эдийн засгийн өрсөлдөөнд Америк ялсныг ойлгох болно” гэж Байден мэдэгджээ.

$1 их наядын хөрөнгийг зам гүүрний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины дэд бүтцийг бий болгох, нийтийн тээврийн системийг шинэчлэх, иргэдийн интернэт холболтын хурдыг сайжруулах зэрэгт зарцуулах юм.

Хөрөнгө зарцуулагдах зарим салбаруудаас дурдвал

  • $40 тэрбумыг Америкийн бүх том гүүрнүүдийг засварлах, бүрэн шинэчлэхэд
  • $17.5 тэрбумыг зам тээврийн цоо шинэ байгууламжуудын бүтээн босголтод
  • $11 тэрбумыг явган болон дугуйтай зорчигчдын дэд бүтцэд зориулах
  • $39 тэрбумыг нийтийн тээврийн системийн шинэчлэлд
  • $66 тэрбумыг төмөр замын дэд бүтцийн шинэчлэлд
  • $2.5 тэрбумыг хүлэмжийн хийн ялгаруулалт 0-тэй автобуснууд авахад
  • $2.5 тэрбумыг хүлэмжийн хийн ялгаруулалт багатай автобуснууд авахад
  • $2.5 тэрбумыг усан замын тээврийн хөлөг онгоцнуудын шинэчлэлд
  • $7.5 тэрбумыг орон даяар цахилгаан автомашин цэнэглэх станцын сүлжээ байгуулахад
  • $17 тэрбумыг далайн боомтын дэд бүтцэд
  • $25 тэрбумыг нисэх буудлын байгууламжуудад
  • $55 тэрбумыг цэвэр усны хангамжийн дэд бүтцийг сайжруулахад
  • $65 тэрбумыг өргөн зурвасын, өндөр хурдны интернэтийн дэд бүтцэд
  • $65 тэрбумыг цахилгаан түгээлтийн сүлжээний дэд бүтцийг шинэчлэх, цэвэр эрчим хүчний түгээлтийн дэд бүтэц байгуулахад зарцуулахаар болжээ.

Байдены засаг захиргаа $1 их наядын санхүүжилтийн зарим хэсгийг бусад төсвүүдийн ашиглагдаагүй хөрөнгийг шилжүүлэх замаар бүрдүүлэхээр болсон байна. Тухайлбал $210 тэрбумыг Covid-19 цар тахалтай тэмцэх сангийн ашиглагдаагүй нөөцөөс, $87 тэрбумыг 5G сүлжээний давтамжийн дуудлага худалдааны орлогоос, $53 тэрбумыг ажилгүйдлийн даатгалын сангийн үлдэгдэл нөөцөөс, $28 тэрбумыг криптовалютын гүйлгээний шимтгэл хураамжаас бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн зарим хэсгийг нь АНУ-ын газрын тосны стратегийн нөөцөөс зарах замаар бүрдүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Business Insider