Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ирак улсын ерөнхий сайдын гэрт дроны халдлага болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Иракийн нийслэл Багдад хотын өндөр харуул хамгаалалттай “Ногоон бүс” дэх тус улсын ерөнхий сайдын гэрт өчигдөр дроны халдлага болсон байна. “Ногоон бүс”-д засгийн газрын байрууд, гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид байрладаг.

Тэсрэх бодис тээвэрлэсэн дрон ерөнхий сайд Мустафа Аль Кадимигийн амьдардаг байранд дэлбэрсний улмаас зургаан бие хамгаалагч шархадсан байна. Харин ерөнхий сайд эсэн мэнд зугтаж чаджээ.

Ойролцоох Тигрис голын гүүрэн дээрээс гурван дрон ерөнхий сайдын өргөөг чиглэн ниссэнээс хоёрыг нь амдаж устгаснаа хамгаалалтын албаныхан мэдээлсэн байна.

“Хэн халдлага үйлдсэнийг хэлэхэд эрт байна. Бид тагнуулын мэдээг шалгаж, мөрдлөгийн эхний үр дүнг хүлээж байна” гэж Иракийн албаныхан мэдэгджээ.

 

Зах зээлд худалдаалагддаг энгийн дронд тэсрэх бөмбөг зүүж, халдлага үйлдэх аргыг нэг үе Иракийн хойд хэсгийг хянаж байсан Исламын Улс бүлэглэл хэрэглэдэг байсан юм.

Ирак улсад сар хүрэхгүй хугацааны өмнө парламентын сонгууль зохион байгуулагдсаны үр дүнд одоо эвслийн засгийн газар байгуулах үйл явц өрнөж байгаа.

Уг сонгуулийн ирц түүхэн доод хэмжээндээ буюу 41 хувьд хүрсэн нь ихэнх иракчууд улс төрд шинэчлэл хийгдэж, амьдрал сайжирна гэдэгт итгэлгүй болсны шинж юм.

Ираны талыг баримтлагч улс төрийн хүчнүүд энэ сонгуулиар олон суудлаа алдсан бөгөөд албан ёсны үр дүнг эсэргүүцэн тэмцсээр байгаа. Хамгийн олон суудал авсан намын тэргүүн болох исламын шийт урсгалын санваартан Моктада Аль Садр шинэ засгийн газрыг Иранаас ч, Өрнөдөөс ч хамааралгүй, бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс ерөнхий сайдын амь насанд халдах гэсэн оролдлого нь Тегераны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдсэн халдлага байх өндөр магадлалтай байна.

 

Эх сурвалж: BBC