Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзахдаа өөрийн холын хамаатнуудыг сураглажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан юм.

Энэ үеэр Байден “Бид хамаатнууд биз дээ?” гэж хошигнон асуухад Моди “Тиймээ” хэмээн хариулжээ. Уулзалт эхлэхийн өмнө Байден өөрийнх нь холын хамаатнууд Энэтхэгт амьдардаг байж болзошгүй тухай сэтгүүлчдэд тайлбарласан байна.

1972 онд анх удаа Конгрессийн гишүүн болоод байхад нь Байден овогтой хүн түүнд Мумбай хотоос захидал бичиж байжээ.

Энэ явдлын дараа Жо Байден өөртэй нь нэг удмын хүмүүс Энэтхэгт амьдардгийг судалж мэдсэн байна.

“Ахмад Жорж Байден хэмээх хүн East India компанид ажиллаж байсныг би олж мэдсэн юм. Ирланд хүний хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү баримт шүү!” гэж Байден өчигдөр ярьжээ. East India компани нь 150 гаруй жилийн өмнө Энэтхэгт үйл ажиллагаа явуулж, Британийн эзэнт гүрний колоничлолын бодлогыг хэрэгжүүлж байсан юм.

Жорж Байден нь Энэтхэгт амьдраад зогсохгүй, энэтхэг бүсгүйтэй гэр бүл болж байжээ. Энэ хүний тухай баримт материал цуглуулж өгөхийг Жо Байден Энэтхэгийн ерөнхий сайдаас өмнө нь хүсэж байсан гэнэ.

“Өнөөдөр би энд зарим архивын баримт авчирсан. Танд тус болно гэж найдаж байна” гэж Нарендра Моди хэлжээ.

Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой  Quad нэртэй эвслийг АНУ-ын засаг захиргаа санаачилж, үүндээ Энэтхэг, Япон, Австралийг нэгтгээд байгаа. Нарендра Моди энэхүү эвслийн дээд түвшний уулзалтад оролцохоор Вашингтонд очоод байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters