Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Цэндбаатар: Би ДАШТ-д оролцож чадахгүй бол амьдралынхаа турш харамсаж, гомдож явах болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүллээ.

"ДАШТ-д явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна"

Тэрбээр “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна.

Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Миний амьдралдаа хамгийн их харамсаж, гомдож явах зүйл бол энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй явдал байх болно.

Эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна" гэлээ.

"Токио-2020 зуны олимпын наадамд сэтгэлзүйч дагаж яваагүй"

Түүнчлэн "Шигшээ багийн тамирчдад мэргэжлийн сэтгэлзүйч гэж байдаг. Гэхдээ би ярилцаж үзэж байгаагүй. Токио-2020 зуны олимпын наадмын үеэр ч сэтгэлзүйч дагаж яваагүй.

Намайг медалийн төлөө тулалдахаас өмнөхөн “Хэрэв медаль авбал дөрвөн өрөө байр өгнө” гэж Боксын холбооны ерөнхийлөгч надад хандаж хэлсэн нь медаль авч чадахгүй бол яана гэсэн бодол төрүүлсэн” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

"Э.Цэндбаатар нь бусдад огтхон ч хохирол учруулаагүй бөгөөд зодуулсан учраас өөрөө хохирогч"

Э.Цэндбаатарын өмгөөлөгч “Хохирогч Э.Цэндбаатарыг ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар Үндэсний шигшээ багаас хөөлөө гэх маш хариуцлагагүй мэдэгдлийг Монголын Боксын холбооноос хийсэн.

Э.Цэндбаатар нь ямар нэг байдлаар бусдад хохирол учруулаагүй бөгөөд өөрөө хүнд зодуулж, хохирогч болчихоод байгаа хүн.

Тиймээс энэ хүн өөрийн эрхийг хамгаалуулахын тулд Үндэсний олимпын хороонд хүсэлт гаргаж байна. Түүнээс гадна бид Биеийн тамир, спортын хорооноос Үндэсний шигшээ багаас хөөх нь хэр үндэслэлтэй болохыг тодруулна.

Учир нь Монголын боксын холбоонд тамирчнаа хөөх эрх байхгүй. Биеийн тамир, спортын хороо нь энэ асуудлыг шийдвэрлэх ёстой.

Энэ удаагийн дэлхийн аваргад Токио-2020 олимпод оролцсон ОХУ-ын тамирчин 60 кг-ын жинд тоглоно. Энэ нь эргэн даагаа нэхэх боломж учраас Э.Цэндбаатарт оролцох хүсэл маш их байгаа хэрэг" гэсэн мэдээлэл өглөө.