Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голын эрэгт барилга барих зориулалтаар олгосон 19 газрын захирамжийг хүчингүй болгохыг шаардав

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд болох Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Туул голын асуудлаар шаардлага хүргүүлжээ. 

Шаардлагад "Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Туул голын эрэг дагуу бургас огтолж, барилга барихыг ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй. Туул голын эрэгт барилга барих зориулалтаар олгосон 19 газрын захирамжийг хүчингүй болгож, тэдгээр газрын зөвшөөрлийг хүчингүй болгохыг танаас хүсье.

Улаанбаатар хотын иргэдийн амарч зугаалах орчин юу юунаас илүү хэрэгтэй байх тул Туул голын эрэг орчмыг тохижуулах ажил хэргийн төлөө УИХ-ын гишүүд бид тантай хамтран ажиллана" гэсэн байна. 

ШААРДЛАГА:

 
 
Туул голын сав газарт орон сууцны хороолол барьсан тохиолдлууд хэд хэд бий. Тухайлбал, Зайсангийн гүүрээс Маршалын гүүр хүртэлх газарт үерийн хамгаалалтын далангийн дотор нийт 80 га газарт гурван хороолол баригдаад байна. Тодруулбал, River Garden хотхоны барилгын ажил 2007, Khan Hills хотхон 2012, Time Square хотхон 2013 оноос эхэлж байжээ.

НИТХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 50 дугаар тогтоолоор усан сан бүхий газар буюу голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамруулах болсон. Өмнө нь үерийн далангаас гадагш 50 метр газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамруулдаг байв. 

Харин Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоож, барилга, байгууламж барихыг хориглодог.