Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизүүд “бэр богтлох” ёсыг устгахыг эрх баригчдаасаа шаардав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Киргизстаны дотоод хэргийн яамны байрны гадна 500 орчим иргэн цуглаж, сайдаа огцрохыг шаарджээ.

“Бэр богтлох” ёстой холбоотой хүн амины хэрэг саяхан гарсан нь нийгэмд дуулиан дэгдээж, иргэдийг бухимдуулаад байгаа юм.

Даваа гарагт 27 настай Айзада Канатбековаг гурван эрэгтэй гудамжнаас хулгайлжээ. Тэдний нэг нь бүсгүйг хүчээр гэргийгээ болгох зорилготой байсан гэж үзэж байна.

Бэр хулгайлж буйг харуулсан хяналтын камерын дүрс бичлэг Киргизстаны сошиал ертөнцөд тарсан ч цагдаа нар ямар нэг арга хэмжээ аваагүй юм. Гэтэл Лхагва гарагт нийслэл Бишкекээс холгүй хаягдсан автомашин дотроос хулгайлагдсан эмэгтэйн цогцос олджээ.

Мөн бэр хулгайлах ажиллагаанд оролцсон хоёр хүний цогцос хутганы шархтай олдсон байна. 

Тэдний нэг нь Канатбековатай гэрлэх зорилготой байсан хүн гэнэ.

Цагдаа нар уг ажиллагаанд холбоотой гэж сэжиглэсэн гурван эрэгтэйг баривчилжээ. Бэр богтлох ёс Киргизэд эртнээс байсан гэж олон хүн үздэг. Зарим нь үүнийг сүүлд бий болсон ёс ч гэж үздэг байна.

Киргизстанд 2013 оноос уг ёсыг хууль бус гэж үзэх болсон юм.

НҮБ-аас гаргасан тоо баримтаас үзвэл Киргизстанд бүртгэгдсэн таван гэрлэлт тутмын нэг нь бэр богтлох ёсны дагуу болсон байдаг ажээ.

Киргизстанд эцэг эхчүүд, ахмадууд залуусыг нас бие гүйцмэгц нь гэрлэхийг шаардаж эхэлдэг уламжлалтай. Тэдний ихэнх нь, ялангуяа ядуу амьдралтай хэсэг нь бэр богтлохыг хялбар, зардал багатай арга гэж үздэг байна.

Киргизийн ерөнхий сайд Улугбэк Шапиров хэргийг мөрдөн шалгаж дуусах хүртэл тайван байхыг иргэддээ уриалсан байна. Гэвч иргэд уриалгыг нь хүлээж авалгүй, түүнийг бас огцрохыг шаардаж эхэлжээ.

Тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров бүсгүйн үхлийг “зөвхөн гэр бүлийнх нь төдийгүй, бүх улс орны хувьд эмгэнэлт явдал” гэж сошиал хуудсандаа бичээд дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө ажиллахаа амласан байна.

2018 онд анагаахын их сургуулийн оюутан 20 настай Бурулай Турдаалы Кызы өөрийг нь хулгайлсан этгээдийн талаар мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэсэгт очоод байхдаа хутгалуулж амиа алдаж байв.

Түүнийг хутгалсан этгээд 20 жил шоронд хоригдох ял сонсож, 20 гаруй цагдаагийн албан хаагч шийтгүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC