Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлаар тусгаарлагдаж буй иргэний тоо ихэссэн тул Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оруулжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хүргэлээ.
Тэрбээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдах хүсэлт гаргаж, төлбөрөө төлбөл долоо хоног тусгаарлахаар болсон.
Мөн батлагдсан тохиолдлыг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан бол уг өөрчлөлтийн дагуу долоо хоног тусгаарлана" гэлээ.
Түүнчлэн гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах явцад 3, 6 дахь хоногт нь PCR шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Гэхдээ эдгээр иргэн тусгаарлан ажиглах байрнаас гарсан ч гэрийн ажиглалтад долоо хоног байх учиртайг хурандаа Ц.Ганзориг тодотголоо.
Харин гадаадаас ирсэн иргэн
Үүний зэрэгцээ Монгол Улсад ирсэн дипломат ажилтан болон тэдний гэр бүлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газарт тусгаарлах боломжтой байхаар шийдвэрлэсэн байна. Мөн тусгай үүргийн нислэг үйлдэн ажилласан агаарын хөлгийн багийнхныг долоо хоногт тусгаарлах юм. Ингэснээр тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.
Журамд орсон өөрчлөлтөөс онцлох өөр нэг заалт нь гадаадаас ажиллах хүчин татан авахтай холбоотой бөгөөд ажилтан татан авч буй байгууллага нь PCR шинжилгээний төлбөрийг хариуцах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!