КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариулж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд "Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрэлдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа.
Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ.
Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна.
Өнөөдрөөс шинэ, идэвхтэй эрүүл амьдралын хэмнэлд шилжин орж байна. Иргэн Та зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаарай. Ажил олгогчид бас хариуцлагатай байгаарай. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бизнес, хичээл сургууль, хил хязгаараа эргүүлэн нээж чадах юм" гэв.
ШУУД ҮЗЭХ:
ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.
Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан. Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин, БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.
AstraZeneca компанийн Covishield вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм.
Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна гэдгийг ЭМЯ-наас мэдээлэл байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!