Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

FACT CHECK: Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурт байгуулсан компаниа шинэ оны өмнөхөн татан буулгажээ

ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг бид өөрийн эх сурвалжаар баталгаажуулан шалгаж үзлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь нэг сая сингапур долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компанийг 2001 онд Сингапур улсад үүсгэн байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байжээ. Улмаар 2013 онд охин Б.Намууныхаа нэр дээр компанийн эзэмшлийн хувийг шилжүүлсэн байна.

Электроник тоног төхөөрөмжийн бөөний худалдаа эрхлэх зорилготой GENCO HOLDINGS компанийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталлаа.

 
 
 

Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан нь бүх хүнд нээлттэй биш боловч хүссэн хүнд дурын компанийн мэдээллийг бага хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг журамтай тул манай редакци үүнийг ашиглан дээрх мэдээллийг олж авсан юм.

(Та сонирхсон аж ахуйн нэгжийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.bizfile.gov.sg сайтаар дамжуулан 5.5 сингапур доллар төлөөд авах боломжтой юм)

Ерөнхийлөгчийн эзэмшлийн компани нь манай улсын хууль тогтоомжийг хэрхэн зөрчиж буйг тайлбарлая. 

Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан билээ. Уг жагсаалтын 46 дугаарт Сингапур улсыг оруулсан байдаг. 

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 

  • 101.1-д "Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно"
  • 101.2.Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй.
  • 101.4.Энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ:

хэмээн заасан байна. 

Үүнээс харахад Ерөнхийлөгчийн хамаарал бүхий этгээд Б.Намуун Сингапурт хуулийн этгээдийн тодорхой хувийг эзэмшиж байсан тул төрийн тэргүүнийг хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж болохоор байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.