Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар:
"Жи тайм корпорэйшн" ХХК нь нийт 12,365 иргэнийг 27,965 хөтөлбөрт элсүүлж нийт 11,398 иргэнд 25,801,307,70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Мөн хохирогчдын хохирлыг шүүгдэгчийн хураасан хөрөнгөөс хувь тэнцүүлэн барагдуулахаар болсон юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!