Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Халдвар бүртгэгдээгүй аймаг хооронд зорчиход COVID-19-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, халдвар бүртгэгдсэн зургаан аймаг болон Улаанбаатар хотод 3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулан борлуулах зэрэг шийдвэр гаргасныг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 

Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Татварын бодлогоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих ямар арга хэмжээ авах вэ. Өмнө нь дотоодод халдвар гараагүй байхад НДШ, орлогын албан татварыг зургаан сараар чөлөөлж болж байсан хэр нь дотоодод алдчихаад байхад ямар нэг хөнгөлөлт үзүүлэх боломж байхгүй юу. Энэ нь иргэдэд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа?

-Нөхцөл байдал хаана хаанаа хүнд байгаа. Хоёрдугаар сараас хойш Засгийн газар хөрөнгө мөнгөндөө тохируулан 5.1 их наяд төгрөгт дүйцэхүйц хөнгөлөлт дэмжлэг үзүүлж ирсэн.

Хөрөнгө мөнгө байдаг бол харамлах зүйл байхгүй. Орлого их хэмжээгээр тасалдаж байна. Иймд боломждоо тулгуурлан шат дараатайгаар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, түрээслүүлэгч хуулийн этгээд түрээсээ бууруулсан бол тэр хэмжээгээр нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа. Хувийн жижиг бизнес эрхэлдэг болон үйлчилгээний салбарынханд хүнд тусаж байгаа. Гэвч цар тахлын үед голомтоо хумих шаардлага бий. 

-Тусгай үүргийн нислэгийг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд гаднаас нислэг хүлээн авахгүй. Хэрэв зэрэг буурвал энэ сард тодорхой тооны нислэг хийхээр судалж, бэлтгэл ажлаа хийж байна. Өмнө нь 91 удаагийн нислэг хийж иргэдээ татан авч байв. Дулааны улиралд бид заримдаа сард 5,000 хүртэл тооны иргэдээ татан авч байсан. Үүний үр дүнд Сөүлд гэхэд эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд цөөн бий.

Харин Франкфуртын нислэг цуцлагдсантай холбоотойгоор европ тивд иргэд бий. 

-Өчигдрөөс иргэдийг орон нутаг руу нь буцааж эхэлсэн. Иргэдийг заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа ч хариу нь удааширч байна, хариугаа авч чадахгүй байгаа тухай иргэд хэлж байгаа?

-Хязгаарлалтын дэглэмийн үед гацсан иргэдийг зохион байгуулалттайгаар үндсэн хаягтай газар руу нь буцаах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд 104 мянган иргэн Улаанбаатараас орон нутаг руу зорчихоор бүртгүүлээд байна. Орон нутгаас хотод ирье гэсэн 30 мянга гаруй иргэн байна. Гэхдээ үүнд халдвар бүртгэгдсэн аймаг руу зорчих иргэдийн тоо ороогүй. Үүнээс гадна аймаг хооронд зорчих хүсэлтэй иргэн их бий. 

Дарханаас Сэлэнгэ орох 682, Дарханаас Хөвсгөл орох 600 гаруй иргэн бий гэх мэт тоон мэдээлэл гарсан. 

Нийт 27,228 иргэнийг Улаанбаатар хотод PCR шинжилгээнд хамруулаад байна. Бүртгэлийг 119.mn сайтад хийж байсан боловч саатал гарсан. Саатал гарсан ч иргэдээ зорчуулах ажлыг удаашруулахгүйн тулд гар утасны оператор компаниудтай ярилцаж, зохицуулалтын арга хэмжээг авсан.

Шинжилгээг 22 цэг дээр авч байна. Эмч, бүртгэл, хамгаалалт, зохион байгуулалт хийхээр нэг цэг дээр шинжилгээ авах баг 22-36 хүнтэйгээр ажиллаж байна. Шинжилгээний хариугаа авсан иргэдийн зорчих хөдөлгөөнийг өчигдөр нээсэн. 

Аймгууд руу өчигдрийн байдлаар 2,531 иргэн хот хоорондын автобусаар хөдөлсөн. Хувийн хэрэгслээр хотоос 20 гаруй мянган иргэн гарсан. 

Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Өчигдөр 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдаж, нийслэлийн удирдлагуудтай биечлэн уулзаж, тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгсөн.

Тодруулбал, халдвар бүртгэгдсэн аймаг, хотоос гарч буй иргэн заавал шинжилгээ өгнө. Харин халдвар бүртгэгдээгүй аймгаас хөдөлгөөнд оролцож байгаа бол шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Асуумжаа үнэн зөв бөглөж, очих газрынхаа хаягийг тодорхой мэдэгдэх ёстой. Халдваргүй аймаг хоорондын хөдөлгөөн, халдваргүй аймгийн сум доторх хөдөлгөөн энэ зохион байгуулалтаар хийгдэнэ.

Иргэдийг 14 хоногийн хугацаанд гэрт нь тусгаарлана. 

-Хувийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломж бий юу. Цар тахлын энэ үед нийтийн тээврийн зорч гэх нь хэр оновчтой вэ. Энд бөөгнөрөл үүсэх асуудал байсаар л байгаа?

Улсын Онцгой комисс хэзээ ч нийтийн тээврээр зорчихыг санал болгоогүй. Нийтийг тээврийг санал болгох нь буруу. Аль болох хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг илүүд үзэх ёстой.

Гэхдээ тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. Хувийн тээврийн хэрэгслийг зөвшөөрчихвөл аав ээж, ах дүүдээ очих гэсэн, такси үйлчилгээнд явах гэсэн маш олон машин зам дээр гарч, дэглэм алдагдана. Тиймд хөдөлгөөнд хязгаарласан. Нийтийн тээвэр бол иргэдийн хэрэглээ тул хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/2757392861185499