Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр сэтгүүлчийн вакцины талаар асуусан асуултад УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө.
Тэрбээр "Өнөөдөр ДЭМБ-аас бүртгэсэн вакцин нэг ч алга. Гэхдээ дэлхийн хэмжээнд хөгжүүлэлт нь нэлээд амжилттай яваа 10 вакцин гуравдугаар шатлалдаа орсон. Тухайлбал, Moderna, Astra Zeneca компанийн болон, Орос, Хятадын гэсэн вакцинууд тухайн үндэстнийхээ бүртгэлд хамрагдаж, олон улсад үр дүнгээ тайлагнах, цаашлаад олон улсын түвшинд бүртгэгдэх шатандаа яригдаж эхэлсэн.
Хэрвээ вакцин ДЭМБ болон олон улсын хатуу хоригтой орнуудын бүртгэлд хамрагдаад эхэлсэн тохиолдолд Монгол Улс хамгийн эхний ээлжид хамрагдах орнуудын тоонд орохоор идэвхтэй ажиллаж байна.
Гэхдээ Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулиар тухайн иргэн вакцинд хамрагдах нь сайн дурын үндсэн дээр явагддаг. Дэлхийн дийлэнх оронд вакциныг заавал хийдэг бол манай улс сайн дурын үндсэн дээр хийдэг. Бид нийт зургаан чиглэлээр вакцин үйлдвэрлэгч орнуудтай болон Дэлхийн банк, ДЭМБ зэрэг байгууллагын бий болгосон Ковакс механизмын хүрээнд вакцин авах ажлыг зохион байгуулж байгаа.
Одоогоор зарлагдаад буй вакцинууд бүгд 18 нас хүртэлх насны хүүхдэд хийдэггүй.
"Ковакс"-ын хүрээнд вакцинжуулалтад хамрагдах эхний гурван орны жагсаалтад Монгол Улс багтсан. Засгийн газрын хуралдаан болгоноор КОВИД-19-ийн цаг үеийн мэдээллийг солилцож, ярилцаж байгаа" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!