Төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргажээ.
Хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг тус тус 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Маргааш буюу аравдугаар сарын 23-ны Баасан гарагт товлогдсон НИТХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно.
НИТХ-ын хурлаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлэх юм. Ерөнхий сайд захирамж гаргаснаар хотын дарга томилогдоно.
Харин НИТХ-ын даргыг сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно хэмээн хуульд заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!