Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байгаа Төрийн ордны журмыг өөрчлөхийг парламентын сэтгүүлчид шаардлаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Төрийн ордонд мэдээллийг нэг цэгээс хүргэх болсноор сурвалжлага хийх сэтгүүлчдийн үйл ажиллагааг мөн хязгаарласан. Гэвч Төрийн ордонд халдвар хамгааллын дэглэм огт мөрдөхгүй байгаагаар зогсохгүй уг журам цаашид үргэлжлэх хандлагатай байгаа нь хэвлэлийн эрх болон иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж, парламентын сэтгүүлчид өнөөдөр байр сууриа илэрхийллээ. 

Сэтгүүлчдийн байр суурийг хүргэе.

"Хамгийн том асуудал нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

"Ийгл" телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг:

Иргэдийн мэдэх эрхэнд хязгаар тавьж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцсэн мэдээллийг л хүргэж, өөр бусад асуудлаар сэтгүүлч тодруулж чадахгүй болчихож байна. Энэ бол нийгэмд маш хортой.

Ордонд халдвар хамгааллын дэглэм огт алга. Тангараг өргөсөн өдрөөсөө эхлээд л хоорондоо тэврэлдэж, үнсэлцсэн дүр зураг өнөөдөр ч үргэлжилсээр. Хэдэн сэтгүүлчийг нэг өрөөнд хориод, бие засах өрөө ч явуулахгүй, явах бол хамгаалагч дагаж орох гэх мэтээр яриад байвал бидний эрхийг зөрчиж байна. Хамгийн том асуудал нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна.

"Сүүлийн 23 жилийн хугацаанд хэвлэлийнхнийг хязгаарлаж байсан түүх байхгүй" 

 
Гэрэл зургийг MPA.mn

"25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул:

Коронавирустэй холбоотойгоор сэтгүүлчдийн ажиллах эрхийг сүүлийн үед дэндүү хязгаарлаж байна. Бид ч мөн дагаж мөрдөх ёстой гэж хүлээцтэй хандсан. Гэвч УИХ-ын гишүүд КОВИД-19-ийн дэглэмийг биелүүлэхгүй, нэг ч амны хаалт зүүхгүй байна. Ийм байхад бид УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах гэж Төрийн ордны хонгилд хашигдах хэрэг байна уу гэдгийг хөндөхөөс өөр аргагүй. 

Сүүлийн 23 жилийн хугацаанд парламентын сэтгүүлчээр ажиллахдаа олон парламентыг сурвалжилсан ч ийм байдлаар хэвлэлийнхнийг хязгаарлаж байсан түүх байхгүй. Цар тахлаар далимдуулаад дөрвөн жил ийм байдал үргэлжлэх магадлалтай тул эсэргүүцэж байна. 

Сэтгүүлч хүссэн асуудлаа хөндөж, УИХ-ын гишүүдээс яриа авах гэхээр хэвлэлийн бага хурал болж хувираад тухайн сэтгүүлчийн хөндөх гэсэн асуудал тарамдаж, хүссэн асуудлаараа шүүмжлэлтэй хандах боломжийг зориуд боомилж байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг сулруулах гэж байгаа бол сэтгүүлчид ажиллах нөхцөлийг нээж өгөөч гэж хүсэж байна. 

"Төрийн ордон дахь хэвлэлийн эрх чөлөө боогдмол байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Zarig.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 

Нөхцөл байдал хүнд, урьдчилан сэргийлэх шаардлага байгааг ойлгож байгаа. Сэтгүүлчид бид үүнд хүлцэнгүй хандаж, хагас жил шахам УИХ, Засгийн газрын хязгаарлалтыг мөрдөж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдээс ямар ч зөрчил гаргаагүй. Гэтэл сүүлдээ бид хүлээдэг, ярих дуртай хүнийг нь яриулдаг, орой бүх телевизээр ижил мэдээ гардаг, олон өнцөг, олон эх сурвалж гэдэг сэтгүүл зүйн чөлөөтэй ажиллах зарчмыг биелүүлж чадахгүйд хүрсэн. 

Энэ асуудлаар УИХ, Засгийн газрын ХМОНХХ-т удаа дараа хандсан ч тодорхой хариу өгөөгүй. Ер нь Төрийн ордон дахь хэвлэлийн эрх чөлөө боогдмол байна. Нэг гишүүнээс ярилцлага авах гэхээр хамгаалалтын ажилтан биднийг дагаж явна.

Цар тахлаас сэргийлэх ажил төрийн ордонд идэвхтэй байна уу гэвэл үгүй. УИХ-ын гишүүд хүртэл маскгүй чуулгандаа сууж байгаа. Тиймээс бидний ажиллах боломжийг хангаж өгөхийг хүсмээр байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn