Гадаад харилцааны яамнаас Ковид-19 цар тахлын улмаас хөрш орнуудад үзүүлэхээр амласан манай улсын хүмүүнлэгийн тусламжийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Уг тусламжийн ажил ямар шатандаа байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхийлөгч ажлын айлчлал хийгээд ирсний дараа бид хятадын талтай тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний улмаас зогссон байгаа. Тиймээс 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагааг өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээргэ авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон.
Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байгаа. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна. Болж өгвөл есдүгээр сард багтаад эхний ээлжийн хонийг шилжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хоёр тал ярилцаад амьдаар нь авъя гэсэн.
30 мянган хонийг нэг зэрэг гаргах боломжгүй учраас хэсэг хэсгээр нь гаргахаар хятадын талтай байнгын холбоотой ажиллаж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!