Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийв.
Хурлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд болон бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, АН-аас нэр дэвшиж буй Э.Бат-Үүл, МАН-аас нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат нарын хэргийн талаар мэдээлэл өглөө.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй олны анхаарал татаж буй эрүүгийн хэргүүдийн талаар:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан байна. Одоогийн байдлаар шүүх хуралдааны тов зарлагдаагүй байгаа аж.
1. Шүүгдэгч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа.
Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нөгөөтэйгөөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансанд байршуулсан 100,000,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан.
Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг хоёрдугаар сарын 13-ны өдөр ирсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдож, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдсан. Уг шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан боловч талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдоод байна. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 29-ний 10:00 цагт товлосон.
Таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүгдэгч Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхтөр нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2. НПГ-с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан. Нийт 461 хавтас хэрэг ирсэн.
2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. Улмаар дөрөвдүгээр сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдөр тогтоож, шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшилж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан тус тус хойшилсон.
С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.
3. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэгт 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 28-ны өдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан.
Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нарын зүгээс шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэрэг 2020.04.20 ны өдөр шүүхэд шилжиж ирсэн. 2020.04.24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 2020.5.8-ны өдөр 10 цагт болсон шүүх хуралдаанаар шүүгдэгчийг өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхардсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, 05.22 ны өдөр болсон шүүх хуралдаанаар Бат-Ялалт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдаан хойшилж, 5.29 ний өдөр болсон шүүх хуралдаанаар Х.БатЯлалт нь А.Мөнхбат өмгөөлөгчийг шинээр авч А.Мөнхбат өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан нийт 3 удаа хойшилсон байна. Шүүх хуралдаан 2020.06.17-ны өдрийн 10:00 цагт товлогдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!