Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19: Эсрэг биет ба PCR

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АШУҮИС-ийн багш, дархлаа судлаач, Анагаах ухааны доктор, профeссор С.Цогтсайхан коронавирусийн оношилгооны тухай тайлбарлаж өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/832254770601227/

АУ-ны доктор, профeссор С.Цогтсайхан "Коронавирусийг илрүүлэх оношилгоонд эсрэг биет ашигласан шинжилгээ, нуклейн хүчлийн буюу PCR гэж бидний нэрлээд буй вирусийн генийн материалыг илрүүлэх хоёр аргыг хэрэглэж байгаа. Лабораторийн аливаа шинжилгээ үе шаттай хийгддэг. Үүнийг ангилбал: 

  1. Илрүүлэх сорил
  2. Баталгаажуулах сорил гэж ангилдаг.

Илрүүлэх сорил нь олон хүнд хүртээмжтэй, хямд төсөр байх шаардлага тавигддаг.

Баталгаажуулах сорил нь тодорхой түвшинд өндөр мэдрэг бөгөөд өвөрмөц шинж чанартай байх. Өөрөөр хэлбэл хамгийн бодитой хариуг гаргадаг.

Коронавирусийн халдвар хүний биед яаж тархдаг талаар товч мэдээлэл өгье.

Вирус хүний биед ороод удмын материалаа гаргаад /ДНК, РНК/ эс дотор яваад орчихдог. Эс дотор халдаагаад эхлэхээр дотроо үржээд дараа дараагийн эс рүү халдварлагдаад явчихдаг. Энэ вирусийг дархлаа тогтолцоо таниад түүний эсрэг эсрэг биет нийлэгжүүлдэг. Хүний бие махбодийн дархлаа тогтолцооны B лейкоцит гэж нэрлэгддэг эсүүдийг эсрэг биет нийлэгжүүлдэг.

Коронавирусийг илрүүлж байгаа хоёр арга дараах зүйлүүд дээр үндэслэсэн:

Нэг дэх арга нь удмын материалыг хувилж олшруулаад яг энэ коронавирусийн удмын материал байна уу үгүй юу гэдгийг үздэг нэг арга байгаа. Үүнийг PCR сорил буюу полимеразийн гинжин урвал гэж нэрлээд байгаа юм.

Хоёр дахь арга нь эсрэг биет үүсэж үү үгүй юу гэдгийг илрүүлдэг сорил. Эсрэг биет тэр болгон вирус үржиж буйг зааж өгч чаддаггүй.

Эсрэг биет гэж юу вэ?

Эсрэг биет гэдэг нь хүний цусан дотор байдаг бөмбөлөг хэлбэрийн уургууд. Таван өөр ангитай, энэ нь англи цагаан толгойн таван өөр үсгээр тэмдэглэгддэг. Ийлдэсний бусад уургаас ялгахын тулд IgG, IgE, IgD, IgM, IgG,  IgА гээд тэмдэглэчихдэг.

Ямар ч халдвар эхлэхэд IgM-ийн эсрэг биет үүсэж эхэлдэг. Энэ нь олон вирусийг холбож авдаг, сэнс хэлбэрийн молекул. Халдвар өрнөөд өнгөрөх хугацаа нь харилцан адилгүй. Дунджаар 21-28 хоногийн дараа IgM нь IgG молекулаар солигддог. 

IgM нь алга болж, IgG молекул нь үлддэг. Ингээд дархлаа сайн тогтдог халдвар байх юм бол насан туршдаа ч хадгалагдаж болно.

Өнөөдөр бидний ашиглаад байгаа эсрэг биетийн сорил нь IgM, IgG хоёрыг илрүүлдэг. IgM, IgG хоёр нь халдвар яг одоо явж байгааг харуулж чаддаггүй. 

IgG-халдвар хэзээ эхэлснийг, эдгэснийг хоног хугацаагаар нь гаргаж өгч чадахгүй.

Гэхдээ IgM ангийн эсрэг биет илэрч байвал халдварыг шинээр авсан байна гэдгийг тодорхойлдог. IgG нь халдвар аваад удаан хугацаа өнгөрсөн гэдгийг харуулж чаддаг.

Бидний хэрэглэж байгаа оношлуур IgM, IgG-ийг л тодорхойлдог. 

Эсрэг биетийн сорилын давуу болон сул талууд

Энэ сорилууд ямар ч байсан халдвар явж байгаа, болоод өнгөрсөн гэдгийг харуулж чадна. Тиймээс энэ сорилыг илрүүлэх зорилгоор л ашиглана. Жишээ нь 100 хүнд сорил тавихад 30-д нь эерэг гарчээ гэж бодъё. Энэ 30 хүн 30-уулаа халдвартай гэсэн үг биш, эргэлзээтэй, дахин судлах шаардлагатай гэсэн хариу өгч байгаа юм. Тиймээс энэ 30 хүнээ дахиад PCR шинжилгээгээр шинжилж үзсэний дараа л халдвар байна уу үгүй юу, халдвар тараах эрсдэлтэй юу гэдгийг тодорхойлж дараагийн буюу эмчилгээний асуудлаа шийдэх шаардлагатай болж эхэлдэг.

Сая Бельгиэс ирээд буцаад явж байгаа иргэнд эсрэг биет эерэг гарсан тухай яриа хүмүүсийн дунд эргэлзээ үүсгэлээ. Энэ тухай ярихад эсрэг биет илрээд, PCR-аар шинжлэхэд вирус илрээгүй байна гэдэг нь халдвар аваад өнгөрснийг зааж байгаа юм.

Эсрэг биет илрүүлэх шинжилгээгээр тэр хүн хэзээ халдвар авсныг өдөр, хоногтой нь хариу гаргах боломж байхгүй. Ерөнхийдөө IgM эерэг гарсан бол сүүлийн 90-120 хоногийн доторх асуудлыг ярьж болно. IgG эерэг гарсан бол түүнээс цааших асуудал ч  яригдаж болно. Тиймээс энэ шинжилгээгээр тэр хүн хэзээ халдвар авсныг тодорхойлох боломжгүй. Харин энэ хүн дархлаатай байна, халдвар аваад эдгэрсэн гэдэг үнэлгээг өгч байгаа юм.

Цусны сийвэнг эрчимт эмчилгээ буюу амь насанд аюул учрах үед хэрэглэдэг

Эсрэг биет бидний биеэс ялгарч байгаа хамгаалалтын молекул. Тэгэхээр нэгдүгээрт оношилгоонд хэрэглэж байна. Хоёрдугаарт эдгэрсэн хүмүүсийн эсрэг биет агуулсан цусны сийвэнг эргээд хүнийг эмчлэхэд ашиглах аргын тухай яригдаад байгаа. Үүнийг өмнө нь хэрэглэж байсан арга. Халдварт шар гарсан үед гам хийнэ гээд хэрэглэж байсан түүхтэй.

Халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнгийн эмчилгээг зөвхөн эрчимт эмчилгээний үед л хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл амь насанд аюултай байдал үүссэн үед хэрэглэнэ. Цусны сийвэнгээр урьдчилан сэргийлж болохгүй. Яагаад гэвэл  IgG-г өөр хүнээс аваад тодорхой хүнд хийх юм бол хэдхэн хоногийн дараа задардаг. Тиймээс хамгаалах чадваргүй болчихдог. Харин эсрэг биетийг донороос аваад тодорхой хугацаанд хадгалсны дараа хийж болно.

Natures сэтгүүлд өнөөдөр гарснаар Англид эдгэрсэн хүмүүсээс цусны сийвэнг цуглуулж, цэвэршүүлэх аргаа сайжруулах, шинэ технологи ашиглаад гаргаж авах судалгаа эхлүүлэх талаар ярьж байна. Эмийн эмчилгээ үр дүнд хүрэхгүй байгаа хүмүүст үүнийг хэрэглэнэ гэж байгаа. Цусны сийвэнг эрчимт эмчилгээ буюу амь насанд аюул тохиох үед хэрэглэдэг гэдгийг дахин хэлье.

Эсрэг биет шинэ коронавирусийг түлхүүр цоожны механизмаар бие биенээ таньдаг.

Тиймээс коронавирусийн бус өөр уургуудтай эсрэг биет урвал өгдөг учраас зарим үед хуурамч эерэг хариу өгдөг. Хамгийн гол нь халдварын сэжигтэй хүмүүсийг илрүүлэх болохоос оношийг баталгаажуулах шинжилгээ биш юм" хэмээн тайлбарлалаа.