Индэр    
2020 оны 4 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хүсэлт гаргасан иргэнд COVID-19 шинжилгээг ХӨСҮТ үнэгүй хийнэ. Мөн утсаар дуудаж шинжлүүлж болно"

Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарч, иргэдийг айдаст автуулсан тохиолдол болсон. 

Аз болоход ХӨСҮТ-өөс уг шинжилгээг баталгаажуулахаар дээж авч, PCR-аар дахин шинжлэхэд COVID-19 халдвар аваагүй нь батлагдсан.

Үүнтэй холбоотойгоор "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан мэдээлэл хийх үеэрээ "Дараагийн удаа ийм тохиолдол гарсан ч бид ажлаа хийх л болно.Сэжиглэж байгаа бол шинжилгээ хийнэ. Сөрөг гарсан тохиолдол 3 сая 300 мянган хүн дотор 30 хүн гэсэн үг биш. PCR-ийн оношилгоо хийсэн 3,000 хүний дотор л 30 хүн байна гэсэн үг. Цаана нь байгаа үгүйг бид мэдэхгүй.

Иргэдэд хэлэхэд өвөл хүнд өвдсөн гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол энэхүү хурдан оношлуураар шинжлүүлээд биед нь эсрэг биет төрсөн байгаа эсэхийг үзэх хэрэгтэй. Яам эмнэлгүүддээ үүнийг зөвшөөрөөсэй гэж бодож байна" гэсэн юм.

Түргэвчилсэн оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг ДЭМБ-аас одоохондоо зөвлөмж болгоогүй, эцсийн шинжилгээний дүн биш ч урьдчилсан байдлаар эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн байгууллага тайлбарладаг.

"Хувийн эмнэлгүүд түргэвчилсэн оношлуур ашиглах нь сайн хэрэг"

Тиймээс бид тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хүсэлтээрээ түргэвчилсэн оношлуураар оношлуулах боломж байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ "Хувийн эмнэлгүүд иргэдийг түргэвчилсэн оношлуураар оношлох нь чөлөөтэй. Ингэх нь сайн хэрэг учраас бид хорихгүй.

Гэхдээ түргэвчилсэн оношлуураар оношлоод, эерэг гарсан тохиолдолд бидэнд эхлээд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр бид нарийн шинжилж байж нийтэд мэдээлэх ёстой. Тэгэхгүй бол Сонгдо эмнэлэг дээр болсон тохиолдол шиг улс орноороо сандарч, бужигнана.

Түргэвчилсэн оношлуур бол чимээ өгч байгаа хэрэг болохоос шинжилгээний эцсийн хариу биш" гэв.

Томоохон хувийн эмнэлгүүдэд оношлуур байхгүй байна

Улаанбаатар хот дахь "Гранд мед", "Интермед", "Улаанбаатар Сонгдо", "Мөнгөн гүүр", "Гурван гал" зэрэг томоохон эмнэлгүүд түргэвчилсэн оношлуураар иргэдийг оношлох боломжтой байгаа эсэхийг тодруулахад одоогоор оношлуур байхгүй гэсэн хариу өглөө.

Харин "Улаанбаатар Сонгдо" эмнэлэг "Зөвхөн өндөр халуурсан тохиолдолд л түргэвчилсэн оношлуурыг ашигласан. Тэрнээс биш, зөвхөн ХӨСҮТ л шинжилгээ хийнэ" гэсэн тайлбар өглөө.

Эргэн сануулахад, зөвхөн дээрх эмнэлгийн өвчтөний шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч байсангүй.

Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар үзэхэд эерэг гарсан ч PCR-ийн нарийн шинжилгээгээр үгүйсгэгдсэнийг мэдээлж байв.

Энэ талаар Д.Нямхүү хариулахдаа "Түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээн дээр PCR-аар дахин шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Гэхдээ бид шинж тэмдэг болон эрүүл мэндийн байдлыг хянаж байна" гэж байсан юм.

"Өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзвэл иргэд ХӨСҮТ-д хандаж болно"

Гаднын зарим улс, орон тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ олноор нь COVID-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХӨСҮТ-ийн захиралтай биечлэн уулзаж, зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг зохицуулах үүрэг чиглэл өгсөн гэдгийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Д.Нямхүү дуулгасан бөгөөд "ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдээд буй.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-наас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдсэн билээ.

Лабораторийн шугам нэмэгдсэн учир зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо" хэмээн мэдэгдэж байсан юм.

Иргэд хүсэлтээрээ шинжилгээ өгч болох эсэхийг Д.Нямхүү захирлаас өчигдөр дахин тодруулахад "Иргэд өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ өгөх хүсэлтээ тавихад сорьц авч, шинжилж өгнө.

Дэлхий дахинаа аймшигтай юм болж байгаа энэ үед шинжилгээ өгөхөд үнэ төлбөр байхгүй. Бүр болохгүй бол холбогдох утсаар дуудаж, шинжилгээ өгч болно" гэв.

"Түргэвчилсэн оношлуурын хариуг ХӨСҮТ баталгаажуулсны дараа нийтэд мэдээлэх журам гарна"

Өмнөд Солонгосын ЭСЯ болон тус улсын "Сэжүн" компаниас 3,000, Хятад улсын ЭСЯ-наас 5,000 оношлуур хандивласнаас гадна иргэд, аж ахуйн нэгжээс ч түргэвчилсэн оношлуурыг хандив болгосоор байгаа билээ.

Аль болох олон хүнийг оношилж, халдварын тохиолдлуудыг эрт илрүүлэх нь коронавирусийн тахалтай тэмцэх үр дүнтэй арга гэж судлаачид үзэж буй.

Тухайлбал, Герман болон Их Британи улсад нөхцөл байдал эрс өөр байгаагийн ялгаа нь иргэдээ оношилсон оношилгооны тоо хэмжээ, цар хүрээ гэж гаднын хэвлэлүүд жишээгээр тайлбарлан бичиж байна.

Гуравдугаар сарын дундуур Герман улс өдөрт 103,000 хүнийг оношилж байхад Их Британид ердөө 5,000-ыг оношилж чадаж байжээ.

Мөн БНХАУ, БНСУ ч иргэдээ шинжилгээнд олноор нь хамруулж, халдварын тохиолдлуудыг илрүүлж байсныг санах хэрэгтэй.

Сонгдо эмнэлэг дээр болсон үйл явдалд тулгуурлан өмчийн хэлбэр үл харгалзан эрүүл мэндийн байгууллагууд хурдавчилсан оношлуур ашиглаж болох ч хариуг ХӨСҮТ дахин баталгаажуулсны дараа тухайн иргэнд болон олон нийтэд мэдээлэх журам гаргах талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдээд байна.

Хэдийгээр манай улсад дотоодод халдвар тархаагүй байгаа ч эрсдлийн үнэлгээгээр тархах эрсдэл маш өндөр хэвээр байгааг мартаж болохгүй.

Иймд хэрвээ уг журам хэрэгжиж эхэлбэл иргэд сайн дураараа хувийн эмнэлэгт оношлуулах боломжтой болж, хүн амын дунд халдвар тархах, тархсаныг эрт илрүүлэн арга хэмжээ авахад томоохон ахиц гарч болох юм.

Гэхдээ мэдээж иргэд уг халдвараас урьдчилан сэргийлэхдээ нэн тэргүүний арга болох амны хаалт тогтмол хэрэглэх, гараа савандаж угаах, хүмүүстэй зайнаас харьцах зарчмаа баримтлах нь чухал.