Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө яллагдагч болчихоод явж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд холбогдох шүүх хурлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд явуулах шийдвэр гаргажээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр 16-ны өдрийн 15:00 цагт эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад:

Яллагдагч М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 16.00 цагт урьдчилсан хэлэлцүүлгийг хийх шүүх хуралдааны тов гарсан боловч өмгөөлөгч Д.Оросоо нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн.

Мөн яллагдагч М.Энхсайхан нь шинээр нэмж өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг өөрийгөө өмгөөлүүлэхээр авсан. Эдгээр өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх тус тус хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байсан юм.

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Х.Баттулга, А.Гансүх нараас мэдүүлэг авах хүсэлт гаргасан

Гэрэл зургийг mpa.mn

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан М.Энхсайхан сэтгүүлчдэд яриа өгөхдөө "Өнөөдөр урьдчилан хэлэлцүүлэг гэдэг арга хэмжээ явагдаж байна. Энэ нь прокуророос бүрдүүлсэн материалыг шүүхэд авч хэлэлцэхэд бүрэн бүтэн байна уу гэдгийг хэлэлцлээ. Сая шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 23-нд явуулах эцсийн шийдвэрийг гаргалаа.

Манай өмгөөлөгч гомдол гаргаж, миний зүгээс ч хүсэлт гаргасан. Тавантолгойн асуудалд Ц.Элбэгдоржийн дэмжлэг гэж яриад байгаа. Яахаараа энэ хүний дэмжлэг нь хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм гэдгийг мөрдөн байцаалтад буцаагаад тодруулаач гэдэг хүсэлт гаргасан.

Би бол УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө яллагдагч болчихоод явж байгаа. Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, өргөн барьсан төслийг хүлээж авсан УИХ-ын дарга З.Энхболдыг энэ хэргийг шүүх ажиллагаа явуулахад бүтэн болгож өгөөч гэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "100 жил үнэгүй өгөх" гэж худал яриад нэлээд улстөржүүлсэн. Тиймээс юуг үнэгүй гээд байгаа юм, юуг 100 жил гээд байгаа тухай Ерөнхийлөгч Баттулгаас мэдүүлэг авах хүсэлт гаргасан.

Хорлон сүйтгэх гэж буруутгаад байгаа учраас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг аваач гэдэг хүсэлт тавьсан. Эдгээрийг шүүх хурал дээр ярилцаж шийдье гэсэн.

Нэг хэргийг хоёр талаас нь хэлж байгаа учраас Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, нөгөө талаас Тавантолгойн гэрээнд эрх мэдлээ урвуулан ашиглаж Японы "Сүмитомо" болон БНХАУ-ын "Шиньхуа" компанид давуу эрх олгосон гэж яллаад байгаа. Тиймээс давуу байдал олгосон гэх юмаа тодруулах, дээрх хоёр компаниас мэдүүлгээ авсны үндсэн дээр хэргийн материал бүтэн болно гэсэн ч хэрэгжүүлээгүй л дээ. Одоо шүүх дээр очоод л харъя. 

Өөрөөр хэлбэл, миний хүсэлт бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, З.Энхболд, А.Гансүх нараас тодруулга мэдүүлэг аваад бүтэн болгоод шийдээчээ л гэсэн юм" гэв.