Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Сургалтын төлбөрийн асуудлыг сургууль ба эцэг, эх хоорондын гэрээгээр зохицуулах нь зөв

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.

Ингэснээр танхмын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг хөнгөлөх эсэх асуудал хөндөгдсөөр байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, төлбөрийн асуудлаар санал солилцжээ.

Тухайлбал, ерөнхий боловсролын 158 төлбөртэй сургууль байгааг өндөр, дундаж, бага төлбөртэй хэмээн ангилж, ямар хэмжээнд зохицуулалт хийж байгааг БСШУСЯ-наас судалсан байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-ын шийдвэрийг өчигдөр танилцуулах үеэрээ "Хувийн хэвшлийн их, дээд сургууль болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, консерциумтай уулзсан. Уулзалтаар хичээлийн жил дуустал хувийн сургуулиуд теле хичээлийн хамтаар нэмэлт агуулгын хичээлээ цахимаар зааж байгаагаа хэлсэн. Түүнчлэн эцэг, эхчүүдтэй байгуулсан гэрээ гэж бий. Түүнийхээ хүрээнд төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Төлбөрөө бүтэн жилээр нь авсан сургууль, цэцэрлэг тун цөөн байгаа. Өндөр төлбөртэй зарим сургууль төлбөрийн хөнгөлөлтийн асуудлаар эцэг, эхчүүдийнхээ дунд санал асуулга явуулж байгаа юм байна" гэлээ.

Мөн тухайн сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа нь тасалдаагүй бол эцэг, эхийн зөвлөлтэйгөө ярилцаж, төлбөрийн асуудлыг сургууль, эцэг, эх хоорондын гэрээгээрээ зохицуулах нь зүйтэй гэх байр суурь баримталж байгаагаа энэ үеэр мөн илэрхийлэв.

Улсын Онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоосон юм.