Шинэ коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор эл шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 2020 оны гууравдугаар сарын 2-н хүртэл Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг чөлөөлж, зөвхөн судалгааны хөлсийг авахаар болсон байна.
Учир нь нийгэмд үүсээд буй энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан бизнес эрхлэгчдэд багагүй хохирол үүсэж, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй эрсдэлд орох өндөр магадлалтай байгаа тул бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандан Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой аж.
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэдэг нь өөрөөс хамаараагүй нөхцөл байдлын улмаас гэрээгээ зөрчих, нэмэлт торгууль, хүү, алданги төлөх зэрэг тооцоолоогүй эрсдлээс хамгаалдаг, дэлхийн олон оронд хүчинтэй эрх зүйн баримт бичиг юм байна.
Уг гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550 мянга, яаралтай буюу долоо хоногт гаргуулахад нэг сая төгрөг байдаг бол гуравдугаар сарын 2-ныг хүртэл компаниуд зөвхөн баримт материал судалгааны ажлын хөлс болон 100,000 төгрөгийг төлөөд авах боломжтой ажээ.
Энэ талаар МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Дайн дажин, өвчин, байгалийн гамшиг зэрэг урьдчилан таах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс тухайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгодог. Энэ нь гэрээгээ зөрчиж буй хэрэг бус, харин давагдашгүй хүчин зүйл өрнөж байгаа хугацаанд алданги, торгууль төлөхгүй байх нөхцөлийг ААН-үүдэд олгож буй хэрэг юм.
Хөл хорио тогтоосон энэ үед, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай үйлчилгээний байгууллагууд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар ихээр хандаж байна. Иймд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд 550,000-1,000,000 төгрөгийн үнэтэй байдаг энэхүү гэрчилгээний хураамжийг гуравдугаар сарын 2-н хүртэл чөлөөлж, зөвхөн судалгааны үнэ болох 100 мянган төгрөгийг авах шийдвэр гаргасан” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!