Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цогтбаатар: Хил гаальд хорио тогтоохгүй. Сургууль хаагдахгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон нийтийн сүлжээгээр урд хөршид шинэ төрлийн коронавирус гарсан тул хилээ хаах тухай санаачилга гараад буй. 

Харин хил хаах, хөл хориог тогтоохыг ЭМЯ эсвэл аль нэг байгууллага дангаараа шийддэг зүйл биш гэдгийг холбогдох албаныхан тайлбарлалаа. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Түүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 196 орон мөрддөг. 

Хил хаахыг аль нэг байгууллага дангаараа шийддэггүй. Шаардлагатай тохиолдолд ДЭМБ харилцагч орнуудтайгаа ярилцаж шийднэ. Одоогоор Ухань хотыг хэсэгчилсэн тусгаарлалт тогтоосон. Бусад оронд энэ талаар зөвлөөгүй. 

Шинэ төрлийн вирус тул эхлээд тандалт судалгаагаа сайтар хийх ёстой.

Дэлхийн эдийн засаг, хүмүүсийн амьдралд ихээхэн нөлөөлдөг тул яаран хязгаарлалтын арга хэмжээ авах нь бага.

Энэ нь өвчний үе шатаас хамаарах тул нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дараа, дараагийн удаад ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна" гэлээ.

"2003 онд SARS мөн анхаарал татаж гарч ирж байсан бол одоо байдаг л нэг вирусийн халдварт өвчин болсон"

Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Женевт хуралдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооны байр суур, шийдвэрийг бид анхааралтай хүлээсэн. Тус хорооноос олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсээгүй гэж дүгнэсэн. Тиймээс хил гааль, ямар нэг аялал жуулчлалд хорио тавихгүй. Мөн сургууль хаагдахгүй.

Аливаа шинэ халдвар тодорхой хугацаанд буюу шинжлэх ухаан, анагаах ухааны салбар таньж мэдэн, оношлуур, вакцин хийх хүртэл анхаарал татсан үе нь үргэлжилдэг. Ид дэгдэлтийн үе төгсгөл рүүгээ ирж байгаа гэж найдахаас өөр замгүй байна. Оношлуур гарсан, хэдийгээр өвөрмөц эмчилгээ гарч амжаагүй байгаа ч гэсэн вирусийн халдварыг дархлаагаа хэвийн байлгаснаар даван туулж эдгэдэг гэдгийг зориуд хэлье.

2003 онд SARS мөн анхаарал татаж гарч ирж байсан бол одоо байдаг л нэг вирусийн халдварт өвчин болсон.

Энэ удаад ДЭМБ-ын зөвлөмжөөс түрүүлж БНХАУ-ын засгийн газар Ухань хотын захиргаа хөл хорио тогтоолоо. Анхдагч голомтдоо хөл хорио тогтоосон нь эрсдлийг бууруулж байна" хэмээв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.