Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол-Тэмүүлэл" сургуулийн 640 хүүхдийн суудалтай шинэ байрыг ирэх гуравдугаар сараас барьж эхэлнэ"

ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN

"Монгол тэмүүлэл" болон 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийн дундах хичээлийн байрны маргаан жил үргэлжилж буй. 

Үүнийг шийдвэрлэхээр олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэгч "Монгол тэмүүлэл" сургуулийг өөрийнх нь байрнаас нүүлгэх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргаж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн I байрыг шинэчлэн засварласан байна.

Засварын ажил сар гаруйн хугацаанд үргэлжилж, хичээлийн үндсэн болон туслах анги танхим гэх зэрэг нийт 26 ангийг тохижуулжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр тус хичээлийн байртай танилцлаа. 

Видео:

Кэмбрижийн сургалттай "Монгол Тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг бүтэн корпуст засвар хийн шилжүүлэхээр болж байгаа талаар тэрбээр мэдээлэл өглөө.

Энэ нь хуучин хичээллэж байсан талбайн хувьд ижил бөгөөд стандарыг хангаж засаж тохижуулсан байна. Өнгөрсөн нэг жил хэл ам дагуулсан Монгол-Тэмүүлэл болон 133-р сургуулийн асуудлыг эхний байдлаар ингэж шийдэхээр шийдвэр гаргасныг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Учир нь 133-р сургууль 3,000 орчим хүүхэдтэй тул тус сургуулийг нүүлгэн шилжүүлэх, сурагчдыг тараан байршуулах боломжгүй, харин сургуульд өргөтгөл барьж байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жилд ашиглалтад орон гэдгийг хэллээ. 

Харин Монгол-Тэмүүлэл сургуулийн газар шийдэгдсэн бөгөөд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ирэх гуравдугаар сараас баригдаж эхлэх аж. Ингэснээр тус сургууль 10-12 жиш, зургаадугаар ангиас сурагчид элсүүлэх боломжтой болох аж.