Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийн үлдэгдлийг тэглэх үү?

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийн үлдэгдлийг тэглэх үү?
Sara, ikon.mn - text to speech

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэж, энэ долоо хоногт багтаан батлахаар болоод буй.

Тэгвэл уг хуулийн талаар өнөөдөр Монголын ахмадын холбооноос байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Ингэхдээ зээлгүй болон оны өмнө зээлээ төлөөд дууссан ахмадууд гомдолтой, мөн ахмадуудын дийлэнх нь богино хугацаагаар бага дүнтэй зээл авдаг байхад өндөр дүнтэй зээлийг урт хугацаагаар авсныг шууд тэглэх нь шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэдний зүгээс тэгш, шударга хуваарилах зарчимд тулгуурлан их, бага зээлтэй хүмүүст ялгаварлал тогтоохгүйн тулд ЗУРГААН САЯ ХҮРТЭЛ төгрөгийн зээлийн үлдэгдлийг тэглэх санал гаргаж байгаагаа хэлсэн.

ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ "2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй гэдгийг хэлсэн.

Иймд зургаан сая хүртэлх зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал гарсан" хэмээн хэлсэн.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч Бямба гарагт сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгөх үеэрээ "800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн хоёр жилээр бодоход 15 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой. 10-15 сая төгрөгийн зээлтэй 10 мянга, 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй 17.4 мянган данс байна. Эдгээр зээлийг хэрхэн тэглэх талаар хуулийг хэлэлцэх үедээ шийднэ"  хэмээжээ.

Ахмадуудын авсан зээлийг банк тус бүрээр ангилбал:

 

Банкны нэр

Нийт тэтгэвэр авагчдын тоо

Нийт зээлтэй тэтгэвэр авагч

Тэтгэвэр авагчдын тоо

Зээлийн үлдэгдэл /сая.төг/

1.

ХААН Банк

242,765

143,472

482,796.8

2.

Төрийн банк

160,660

77,712

248,858.8

3.

Капитрон банк

1,784

1,415

6,122.0

4.

УБ хотын банк

8,271

3,630

9,186.0

5.

Голомт банк

5,368

2,259

12,679.7

6.

Худалдаа хөгжлийн банк

1,981

711

3,110.9

7.

Чингис хаан банк

178

117

382.7

8.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

81

52

160.2

 

Нийт дүн

421,088

229,368

763,297.1

Ахмадуудыг төлөөлөх иргэний нийгмийн байгууллага болох Монголын ахмадын хорооны удирдах зөвлөл болон Засгийн газрын хуралдаан дээр яригдсан уг асуудал УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яригдан, шийдвэрлэгдэх нь.

Хэрвээ хуулийн төсөл 6 сая төгрөг хүртэлх зээлийн үлдэгдлийг тэглэхээрээр батлагдвал зээлтэй иргэдийн 207 мянга нь зээлээ хаалгаж, 22.4 мянга орчим иргэн зээлийн үлдэгдлээсээ хасуулахаар байна.

Уг хуулиар зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх бус тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдахаар байгаа билээ.

Зураг
10 | 6 | 5 цаг