УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Эцсийн хэлэлцүүлгээр 14 асуудлаар санал хураалт явуулах юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэг хүн рүү, тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаяр руу чиглэсэн заалтын сонгуулийн хуульд оруулсан гэж байна. Энэ асуудлыг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн үү.
Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр сошиал орчныг хязгаарлана гээд байгаа. Цахим орчныг нэг өдөр байтугай, нэг цагаар ч хаах боломжгүй. Үүнийг яаж зохицуулсан юм бэ.
Гуравдугаарт, УИХ-ыг шүүхэд очих хүмүүсийн хорогдох газар болсон гэж яригдаад байна. Нэр дэвшигчдийн ёс зүйтэй холбоотой ямар шалгуур тавигдаж байгаа вэ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Өчигдөр УИХ-ын чуулганаар Т.Аюурсайхан гишүүний гаргасан авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг санал дэмжигдсэн. Энэ асуудлыг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хасах болсон.
Хоёрдугаарт, цахим орчныг хязгаарласан зүйл огт байхгүй. Харин сонгуулийн сурталгаа хийх сайтууд албан ёсны бүртгэлтэй байна гэдэг зүйл байгаа.