Даваа гарагт Малайзын хэвлэлд Монгол улсын иргэн Ш.Алтантуяа агсныг алах захиалгыг тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разак өгсөн гэх баримтыг дэлгэсэн юм.
Аллагыг үйлдсэн хэрэгт шийтгүүлж, цаазын ял сонссон цагдаагийн хоёр офицерын нэг Азилах Хадри уг баримтыг дэлгэж, шүүх ажиллагааг дахин явуулах хүсэлт гаргасан байна. Нөгөө нэг офицер нь болох Сирул Азхар Омар ял сонссоныхоо дараа Австрали руу зугтаж, одоо тэндээ хоригдож байгаа.
Австралийн засгийн газар түүнийг Малайз руу буцаавал цаазлуулах магадлалтай гэж үзээд шилжүүлж өгөхөөс татгалзаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт ерөнхий сайд асан Нажиб Разакын өмгөөлөгч хэвлэлд ярилцлага өгөхдөө үйлчлүүлэгчийнхээ аллагатай холбоотой гэх баримтыг няцаажээ.
Өмгөөлөгч Шафи Абдуллах уг мэдүүлгийг “хошин шогийн зохиол”, “итгэхийн аргагүй худал зүйл” гэх зэргээр ярьсан байна.
“Энэ бол түүний амиа аврах аргаа барсан оролдлого. Миний үйлчлүүлэгч хэний ч мэдээгүй ийм баримтыг өөр нэг хүнтэй 10 гаруй жил дундаа нуугаад явна гэж байх уу?” гэж тэр ярьжээ.
Үүнээс гадна энэ оны хоёрдугаар сард хэн нэг өндөр эрх мэдэлтэй нууцлаг хүн Азилах Хадритай шоронгийнх нь гадна уулзсан тухай баримтыг мэдэж байгаагаа Шафи ярьсан байна. Тиймээс Нажиб Разакыг аллагатай хиймлээр холбох нь дээрээс зохион байгуулж буй жүжиг гэж үзэж байгаагаа тэр ярьсан юм.
“Шорон дотор биш, шоронгийн гадна уулзсан байна. Цаазын ялтай хоригдолтой шүү дээ. Энэ бол дүрэм журмаас гадуур үйлдэл. Гэхдээ энэ мэдээллийг батлах зүйл одоогоор надад алга. Би батлахаар ажиллаж байгаа” гэж өмгөөлөгч Шафи ярьжээ.
Үүнээс гадна Малайзаас хоёр албаны хүн Австралийн Сидней дэх саатуулах төвд очиж, Сирул Азхар Омартай уулзсан баримт байгааг тэр бас хэлжээ.
Өчигдөр орой өөр асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан Малайзын ерөнхий сайд Махатхир Мохамадаас энэ талаар асуухад хариулт өгөөгүй байна.
Сэтгүүлчид түүнээс шоронд хоригдож байгаа Азилахтай уулзсан үгүйг нь асуухад тэр толгой сэгсэрч, инээмсэглээд танхимаас гарч явжээ.
Монгол улсын иргэн Ш.Алтантуяа нь Малайзын засгийн газрын батлан хамгаалах салбарын томоохон наймаанд орчуулагчаар оролцсоныхоо дараа 2006 оны аравдугаар сарын 19-ний шөнө сураггүй алга болсон юм.
Гурван долоо хоногийн дараа түүний цогцосны үлдэгдлийг Селангорын ширэнгэ ойгоос олсон байдаг.
Цагдаа нар түүнийг хоёр удаа буудуулж амиа алдсан, цогцсыг нь тэсрэх бодисоор устгасныг тогтоож байсан юм.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!