Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сонгуулиар орон нутаг 20, нийслэл зургаан тойрогтой байх хувилбар яригдаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн тогтолцоог томсгосон мажоритар буюу 1992, 2008, 2012 оны сонгуультай адил системээр явуулах шийдвэр өчигдөр гаргасан билээ. Удирдах зөвлөлийн уг шийдвэрийг УИХ дахь МАН бүлэг хүлээн авч, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Энэхүү тогтолцооны талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулахдаа “Сонгуулийн хууль хамгийн гол нь сонгогчдын эрх ашигийг хангах ёстой. Санал гээгдэхгүй байх ёстой. Тиймээс энэ хувилбарыг аль нэг нэр дэвшигч, улс төрийн хүчинд ашигтай гэж харах нь өрөөсгөл. Энэ тогтолцоогоор сонгууль явуулснаар улс орны томоохон асуудлыг шийдвэрлэх давуу талтай” хэмээсэн. 

Ийнхүү өмнө нь ажлын хэсгээс өрсөн барьсан 50 жижиг тойрог, томсгосон нэг тойрогт жагсаалтын 26 нэр дэвшигч өрсөлдөх хувилбарын оронд томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахыг эрх баригч нам үндсэндээ шийдвэрлэлээ. Ижил тогтолцоогоор явагдсан өмнөх сонгуулиудыг харахад аймаг, дүүрэг тус бүрдээ нэг тойрог болж байсан. Газар нутаг, хүн амын тоог харгалзан Говьсүмбэр, Дорноговь аймгуудыг нэгтгэн нэг тойрог болгох бөгөөд орон нутагт 20, нийслэлд зургаан тойрог байхаар яригдаж байгаа аж. 

МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн дэмжсэн сонгуулийн хувилбарын талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Тойрог томсгож байгаа нь улс орны эдийн засгийн байдалтай холбоотой. Сонгуулийн хуулийг баталсны дараа хэдэн тойрог байх вэ гэдгийг УИХ тогтооно. Ер нь бол 2008 онынхтой ижил байна. Өөрөөр хэлбэл, том тойрог, олон мандаттай байна гэсэн үг. 

Хүн ам, мандатын тооноос хамаарч аймгуудыг нийлүүлэх зүйл гарахыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Говьсүмбэр аймаг өөр аймагтай, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд нийлдэг. 

Сонгуулийн хуулийг баталсны дараа хоёрдугаар сарын 1-ний дотор УИХ сонгуулийн тойргийг тогтоолоор батална. Тэр тогтоолоор хаана хэдэн мандаттай, хэдэн тойрог байх нь тодорхой болно. 

Одоо бол Сонгуулийн хуульд олон мандат бүхий томсгосон тойрог гэж л заасан байгаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ хувилбар нь сонгогчдод ашигтай гэж харж байна. Яагаад гэвэл нэг дүүргийг зургаа хуваачихад харилцан адилгүй хөрөнгө оруулалт хийгддэг байсан. Аймаг, дүүрэг нэг тойрог болчихвол аливаа нэг бодлого цэгцтэй, цогцоор хэрэгжих боломжтой юм. Жишээ нь, Чингэлтэй дүүргээр жишээ авахад энэ дүүрэгт тулгарсан асуудлыг тэндээс сонгогдсон гишүүд нэгдмэл бодлогоор шийдэхийн төлөө ажиллах нөхцөл бүрдэнэ. Улс орны ирээдүй, хөгжлийг харвал томсгосон тойрог зөв гэж харж байгаа. 

Гэхдээ ямар ч зүйлд сайн муу тал байдаг. Томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд Засгийн газраа бүрдүүлж чадахгүй удах вий, тогтворгүй байдал үүсэх вий гэдэг болгоомжлол байгаа. Тиймээс сонгогчид санал өгөхдөө маш сайн бодох хэрэгтэй. Улс төрийн хүчнүүд 2-3-хан саналын зөрүүтэй болчихвол Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байх эрсдэл бий.  

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хамгийн энгийнээр тайлбарлавал аймаг, дүүрэг тус бүр нэг тойрог, үүн дээр гишүүдийн тоогоор 2-3 мандаттай байна гэсэн үг. Тухайн тойрог хэдэн мандаттай байна тэр тоогоор сонгогчид хүнээ дугуйлна. Хоёр мандаттай бол хамгийн олон санал авсан хоёр хүн сонгогдоно. 

Энэ хувилбарыг сонгосноор жалга довны үзэл гэдэг зүйл багасна, хөрөнгө санхүүгийн оролцоо хумигдана гэж үзсэн. Тиймээс томсгосон мажоритар тогтолцоог өмнөхүүдээсээ илүү хувилбар гэж харж байна.