Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авирласан бол хариуцлага тооцно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатараас ҮХЦ-ийн дарга болон, ҮХЦ-ээс гаргасан АМНАТ-тай холбоотой шийдвэрийн талаар тодрууллаа. 

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгийн биед халдсан гэх мэдээлэл хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдлээ. ҮХЦ-ийн даргад ямар хариуцлага тооцох вэ? 

-Үндсэн хуулийн цэцийн даргын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Энэ суудлыг ҮХЦ-ээс тодрууллаа. Хэрэв ҮХЦ-ийн дарга ёс зүйгүй авир гаргасан бол хариуцлага тооцно. 

Харин ҮХЦ-ээс бидэнд өгсөн мэдээллээр цэцийн дарга ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн зүй бусаар харьцсан учраас онгоцны буудал дээр тухайн иргэнийн саатуулах, суудлын дугаар андуурагдах зэрэг асуудал гарсан. Цэцийн дарга Монгол Улсын иргэний хувиар тухайн нэр бүхий хүнийг хамгаалж, нислэгээс нь саатуулж болохгүй гэж хэлснээс үүдэн үл ойлголцол гарч, буруу ташаа мэдээлэл тарсан гэсэн. Гэхдээ үүнийг нягталж, шалгаж байж УИХ шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно. 

Үүнтэй холбоотой бүх талын мэдээллийг БНСУ дахь Элчин сайдын яам болон Иргэний нисэхийн шугамаар тодруулах үүрэг чиглэл өгсөн.  

-ҮХЦ-ээс АМНАТ-ыг хүчингүй болгох шийдвэр гаргасан талаар?

-АМНАТ-тай холбоотой ҮХЦ-ийн шийдвэр гарсан. Цэцийн дүгнэлт бол эцсийн шийдвэр. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Цэцийн дүгнэлт гарсан бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийднэ гэсэн хуулийн заалт бий. 

Нэг талаас төсвийн орлого тасрах асуудал гаргалгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтыг өөрчилж, давхардуулсан, буруу зөрүү ойлголт гараад байгаа асуудлыг цэгцлэхээр Сангийн яамнаас хуулийн төсөл боловруулах ажлын хэсэг ажиллаж байна. Иймээс төсвийн орлого тасрахгүй, татварын орлого шамшигдахгүй. 

УИХ-ын даргын хувиар ҮХЦ-ийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. 

-Саарал жагсаалтад орсон шалтгаан юу байв?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөгийн далд хөрөнгөө ил болголоо гэж зарласан. Энэ нь манай ДНБ-ээс бараг хоёр дахин их. Мөн батлагдаж, нотлогдоогүй хууль бус наймаатай холбоотой мэдээлэл тархсан нь манай улсын талаар гадаад ертөнцөд сөрөг ойлголт өгсөн. Нэг талдаа бидэнд хууль шүүх, банк санхүүтэй холбоотой засч залруулах маш олон зйүл бий. Нөгөө талдаа хийсвэр зүйлүүд ч байна. 

-БНХАУ-ын 800 орчим иргэн манай улсад цахим луйвар хийсэн байж болзошгүй байсныг хуулийн байгууллагууд илрүүллээ. Ийм нөхцөл байдал бий болоход нөлөөлсөн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ? 

-Үүнийг мөнгө угаахтай холбоотой асуудал гэж үзэж байгаа. Онлайн мөнгөн гүйлгээ ашиглаж хийгддэг байж болзошгүй эрсдлийг таслан зогсоох зорилгоор бид зөвлөлийн түвшинд анхаарч үзсэн нь үүнийг илрүүлэхэд түлхэц өгсөн. Энэ хэрэг дээр манай тусгай албад хариуцлагатай ажилласан.