Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт охиноо оршуулахаар булшны нүх ухаж байсан эр амьдаар нь оршуулсан охин олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн умард нутагт нас барсан охиноо оршуулахаар булшны нүх ухаж байсан эр төрөөд удаагүй амьдаар нь оршуулсан охин олсон тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Лхагва гарагт мэндэлсэн ч хэдхэн минутын дараа амьсгал хураасан охиноо оршуулахаар булшны нүх ухаж байхдаа Уттар Прадеш мужийн иргэн Хитеш Сирохи нэгэн ваар олсон байна.

Вааранд дөнгөж төрсөн охин амьд байсныг олоод Сирохи эмнэлгийн тусламж дууджээ.

“Хүүхэд уйлахад нь би охиноо амьд байна гэж эхлээд бодсон. Гэтэл уйлах чимээ вааран дотроос гарч байв” гэж Сирохи орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Булшнаас олдсон охиныг эмнэлэгт хүргэж, эмчилгээний зардлыг нь нутгийн нэг улс төрч гаргажээ. Энэтхэгийн нийгэмд зөвхөн хөвгүүд өв залгамжлах эрхтэй, мөнгө олох боломжтой байдгаас охин төрвөл хаях явдал түгээмэл байдаг.

Энэ байдлыг өөрчилж, хүн амын хүйсний харьцааг тэнцүүлэхийн тулд Энэтхэгийн засгийн газар хатуу хууль хэрэгжүүлсэн ч байдал дээрдэхгүй байна.

2011 оны хүн амын тооллогоор тус улсын 940 эмэгтэйд 1,000 эрэгтэй ноогдож байгаа нь харагдсан юм.

1994 оноос эхлэн хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмнө тодорхойлохыг хориглосон ч гэр бүлүүд хууль бус арга хэрэглэсээр байна. Энэ оны нэгдүгээр сард Ражастан мужид амьдаар нь оршуулсан охиныг нутгийн иргэд олсон ч эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас баржээ.

2017 онд Махараштра мужийн эмнэлгийн бохирын хоолойноос цагдаа нар 19 ширхэг амьгүй эмэгтэй ураг илрүүлж, тус эмнэлэгт хууль бусаар үр хөндөх үйлчилгээ явуулж байсан эмчийг баривчилж байв.

 

Эх сурвалж: AFP