Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конг руу зорчих Монгол иргэдийн анхааралд

ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгт үргэлжилж буй эцэргүүцлийн жагсаал, цуглаан улам бүр хүчирхийллийн шинжтэй болж, цагдаагийн албан хаагчдад халдах, галдан шатаах, шатамхай шингэн бүхий шил шидэх, эвдэн сүйтгэх, хувийн өмчид халдах, метроны буудлууд болон тэдгээрт ажиллагсад руу дайрах, жирийн иргэд болон эцэргүүцлийн хөдөлгөөнийг үл таашааж буй иргэд руу халдах явдал гаарсаар байгаа юм.

Иймд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/ Хонг Конгт “Нүүрээ халхлахыг хориглох журам”-ыг 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс мөрдөж эхэлжээ.

Уг журмын дагуу дараах нөхцөлд аливаа этгээдийг танихад саад болохуйц нүүрний хаалтыг зүүхийг хориглоно. Үүнд:

  • Хууль бус цуглаан: гурваас дээш хүн нэг дор цугласан нь бусдыг айдаст авахуулахуйц, эсвэл бусдын амар амгалан байдлыг алгагдуулахуйц нөхцөл үүсгэхээр байгаа бол,
  • Зөвшөөрөлгүй цуглаан: 50-иас дээш тооны хүн нэг дор цуглах, 30-аас дээш тооны хүн жагсах талаар цагдаагийн даргад урьдчилан мэдэгдээгүй, эсвэл цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулах хүсэлтэд зөвшөөрөл олгоогүй болон жагсаал зохион байгуулахыг хориглосон бол,
  • Зөвшөөрөлгүй цуглаан: Нийгмийн амгалан байдлыг сахиулах тухай журмын хүрээнд гурваас дээш хүн нэг дор цугласан уулзалт, жагсаал, цуглааны үеэр цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлж буй тохиолдолд,
  • Урьдчилан мэдээлсэн олон нийтийн цуглаан: Цагдаагийн даргад урьдчилан мэдээлж, улмаар цагдаагийн дарга хориглоогүй, 50-иас дээш хүнийг хамруулсан цуглааны үеэр,
  • Урьдчилан мэдээлсэн олон нийтийн жагсаал:
  • Цагдаагийн даргад урьдчилан мэдээлж, улмаар цагдаагийн дарга хориглоогүй, 30-аас дээш хүнийг хамруулсан жагсаалын үеэр.
Хориглосон нөхцөлд нүүрний хаалт зүүсэн тохиолдолд 25, 000 хүртэлх хонг конг доллараар торгож, шүүхийн шийдвэрийн дагуу 1 жилээр хорих, зогсох, нүүрний хаалтыг авах тухай цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэх тохиолдолд 10,000 хүртэлх хонг конг доллараар торгож, шүүхийн шийдвэрийн дагуу 6 сараар хорих шийтгэлийг тус тус ноогдуулахаар журамд тусгажээ.

Нийгэмд үүссэн аюулт байдал намжиж, уг журмыг хэрэгжүүлэх шаардлагагуй болсон гэж үзэх хүртэл уг журам хэрэгжих ажээ.

Иймд Хонг Конг руу зорчих иргэдийг дээрх журмыг чанд мөрдөхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.