Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Нямгэрэл: "Зөвийг түгээе" аяны хүрээнд "Тоон бичиг үсэгтэн" цуврал хичээлийг монгол хэл дээр орчуулж хүргэнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох зорилгоор "Зөвийг түгээе" аяныг эхлүүлэх гэж байна. 

Энэхүү аяныг зохион байгуулах Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар(ХХМТГ), ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro Foundation Mongolia” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Зөвийг түгээе" аян нь өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх аж.

Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 2.2 сая цахим хэрэглэгч байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Цахим хэрэглээ дэлхий нийтээр өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар зөвхөн нийгмийн сүлжээ хэрэглэгчийн тоо 2.1 сая байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 2.2 саяд хүрчээ.

Үүний 92.7 хувь нь фэйсбүүк хэрэглэгч байгаа юм.

"Зөвийг түгээе" аяны хүрээнд бид нийгмийн сүлжээгээр дамжуулж залуусын дунд цахим хэрэглээг зөв болгох чиглэлээр "Тоон бичиг үсэгтэн" хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж байна.

Фэйсбүүк компаниас албан ёсны эрхтэйгээр хүүхэд болон багш нарт зориулсан "Тоон бичиг үсэгтэн" хэмээх цуврал хичээлийг монгол хэл дээр орчуулж хүргэнэ.

Мөн хүүхдүүдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэх видео шторк олон нийтийн сүлжээгээр тараана. Ерөнхийдөө энэ удаагийн "Зөвийг түгээе" арга хэмжээг "Unfriend" хөдөлгөөний хоёр дахь шат гэж ойлгож болно” гэв.

2019 оны эхний есөн сарын байдлаар 584 гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдээд байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаан “Энэ удаагийн "Зөвийг түгээе" аян нь нийтийн цахим сүлжээг хэрхэн зөв зохистой ашиглах талар мэдээлэл түгээх, цахим орчин дахь гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдана.

Монгол Улсад 2012 оноос эхлэн олон нийт цахим сүлжээг идэвхтэй ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн жилд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн 14 гэмт хэрэг бүртгэгдэж байсан.

Харин энэ тоо 2017 онд 299, 2018 онд 659 болж нэмэгдсэн бол 2019 оны эхний есөн сарын байдлаар 584 гэмт хэрэг үйлдэгдээд байна.

Цахим сүлжээнд бусдыг гүтгэх доромжлох, нууцад халдах, залилан мэхлэх гэмт хэрэг ихээр бүртгэгддэг. Гэхдээ мэдээлэл, харилцаа холбоо хөгжсөн өнөө үед цахим сүлжээгээр бусад төрлийн гэмт хэргүүд ч үйлдэгдэх эрсдлүүд бий.

Тухайлбал, цахим сүлжээнд мэдээлэл тавиад тухайн үедээ устгалаа гэж бодоход өөр нэг хүн хадгалаад авсан байх эрсдэлтэй. Түүнийг нь 10 жилийн дараа сэргээн тавьж, хүний нэр хүндийг гутаан доромжлох зэрэр сөрөг үйл явдал цахим сүлжээнд үүсдэг учраас энэ тал дээр нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, эцэг, эхчүүдэд түгээх шаардлагатай” гэлээ.

Цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах тухай 18 цуврал хичээлээ ЕБС-ийн багш нарын гарын авлага болгоно 

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Faro Foundation Mongolia” ТББ-ын Гүйцэтгэх захирал А.Бямбажаргал “Манай компани 2018 оноос Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна.

Мөн бид ХХМТГ-тай хамтран Фэйсбүүк компанийн Харвардын их сургуульд бэлтгэгдсэн хөтөлбөрийг монгол хэл рүү орчуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс туршилт маягаар зааж үзсэн.

Ингээд монгол хэл рүү буулгаж, 18 цуврал хичээлийг боловсруулсан бөгөөд эдгээр нь цахим орчинд хүн өөрийгөө хэрхэн хамгаалах, аюулгүй байлгах, хувийн мэдээллээ эрсдэлд оруулахгүй байх тухай юм.

"Зөвийг түгээе" аяны хүрээнд эдгээр 18 цуврал хичээлээ ЕБС-ийн багш нарын гарын авлага болгохоор бэлдэж байна" гэв.

Зураг
1 | 55 минут