Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

AНУ-ын конгресс ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах шийдвэр гаргана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампын хууль бус үйлдлийг мөрдөн шалгасны үр дүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах албан ёсны шийдвэр гаргалаа.

Дональд Трампыг дотоодын улс төрийн тэмцэлдээ дэмжлэг авахын тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгаж байна.

Гэхдээ конгрессын доод танхимаас гарсан уг санаачилга Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхимаар дэмжигдэх магадлал бага юм.

Дональд Трамп гадаад улсын төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа зохисгүй зүйл ярьсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлд анх нийтлэгдсэн байна. Тэр хүн нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болохыг сүүлд мэдээлсэн юм.

Трампын ярианы тухай гомдлыг АНУ-ын тагнуулын байгууллагын нэгэн ажилтан буюу “шүгэл үлээгч” хууль хяналтынханд гаргасан байжээ. Трамп Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний хүү Хантер Байден нартай холбоотой авлигын асуудлыг шалгахыг хүсэж, ингэхдээ Украинд үзүүлэх гэж байсан АНУ-ын тусламжийг барьцаалж, шахалт үзүүлсэн гэгдэж байгаа.

 Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгч байсан Жо Байден 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөж байгаа юм. Түүнийг Трамптай өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэг гэдэг. Тэрээр дэд ерөнхийлөгч байхдаа Украинтай харилцаж байсан Цагаан ордны гол хүн бөгөөд хүү Хантер нь Украины байгалийн хийн компанид хувь эзэмшдэг байжээ. Тиймээс Украинтай харилцах харилцаанд нь эрх ашгийн зөрчил байсан гэх яриа байдаг.

Өөрөөр хэлбэл Байдентай холбоотой дуулианыг Украины талаар шалгуулах замаар өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагах аргыг Трамп сэдсэн гэгдэж байна.

Дональд Трамп долдугаар сарын сүүлээр Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Байдены асуудлыг сөхсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Украинд үзүүлэх тусламжийг саатуулсныгаа тус улсын засгийн газрыг илүү идэвхтэй хамтарч ажиллуулахын тулд үзүүлсэн шахалт гэж тайлбарлажээ.

Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси “Саяхан ерөнхийлөгч улс төрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд Украины ерөнхийлөгчөөс дэмжлэг хүссэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Хууль зөрчсөн энэ үйлдлийнхээ төлөө ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой” гэж өчигдөр мэдэгджээ.

Тэрээр өнөөдрийг хүртэл Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулахаас татгалзаж байсан юм.

Харин Дональд Трамп “Тэд миний утсаар ярьсан ярианы тэмдэглэлийг хараагүй байж ийм алхам хийж буй нь цэвэр улс төрийн явууллага юм” гэж Ардчилсан Намынхныг буруутгажээ.

Тэрээр Украины ерөнхийлөгчтэй хийсэн ярианыхаа тэмдэглэлийг ил болгож, зохисгүй зүйл яриагүйгээ батлан харуулахаа амласан байна. 

Одоо конгрессын байгуулсан тусгай комисс Трампыг Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа хууль зөрчсөн эсэхийг мөрдөн шалгана. Хэрвээ буруутай нь тогтоогдвол төлөөлөгчдийн танхим АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах юм.

Уг танхимд Ардчилсан Нам олонх болдог тул дэмжигдэх өндөр магадлалтай.

Харин дараагийн шатанд Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхимаар дэмжигдэх магадлал бага байна. Хэрвээ сенатын гишүүдийн гуравны хоёр нь ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй гэвэл Дональд Трамп албан тушаалаасаа огцрох боломж нээгдэх юм.

 

Эх сурвалж: BBC