Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк: Инфляц өсөхөд импортын хувцас, махны үнэ, дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний хөлс нэмэгдсэн нь нөлөөлөв

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Инфляц өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.6 хувь байсан билээ. 

Инфляц ийнхүү өсөх болсон шалтгааны талаар Монголбанк дараах тайлбарыг гаргажээ.

Тайлбарт:

Хувцас болон амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь улсын инфляц өмнөх сараас нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Улсын инфляц 2017 оны тавдугаар сараас хойш Улаанбаатар хотын инфляциас бага байна.  Хүнс, хувцас, орон сууц, ус, цахилгаан, хатуу түлшний бүлгийн үнийн өсөлт орон нутагт Улаанбаатартай харьцуулахад бага байгаа нь энэхүү зөрүүг үүсгэж байна. 

График 1, Инфляцийн бүрдэл,

 

Улаанбаатар хотын жилийн инфляци өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдлээ. 

Үүнд голлох нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнүүд нь мах, импортын бараа байна.  Түүнчлэн тайлант сард дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ огцом өссөн бол, хатуу түлш, шатахууны үнийн нөлөө өндөр хэвээр байгаа юм. 

 

Өмнөх сард нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалж махны үнэ өссөн бол тайлант сард үнэ буурахгүй байснаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувиар нэмэгдэв.  Махны нийлүүлэлт зургаадугаар сараас нэмэгдэж, үнэ нь буурдаг хандлагатай хэдий ч тайлант сард болон өмнөх жилийн мөн үед ийнхүү нийлүүлэлтийн шалтгаантайгаар үнэ улирлын буурдаг чиглэлээсээ эсрэг хөдлөөд байна.

Хүснэгт 2: Дотоодод борлуулагдаж буй махны сарын дундаж үнэ, сарын өсөлт

Төг/кг

5 сар

6 сар

7 сар

5 сар

6 сар

7 сар 27 

2018

2019

Хонины мах, ястай

7488 (+2.7%)

7514 (+0.3%)

7533 (+0.3%)

9777 (+12.3%)

10432 (+6.7%)

10104 (-3.1%)

Үхрийн мах, ястай

8463 (+1.2%)

8733 (+3.2%)

9082 (+4.0%)

10904 (+13.1%)

11702 (+7.3%)

12380 (+5.8%)

Үхрийн мах, цул

10118 (1.7%)

10535 (3.4%)

10814 (2.6%)

13172 (+11.6%)

14230 (+8.0%)

14777 (+3.8%)

Адууны мах

6075 (+0.0%)

6275 (+3.3%)

6831 (+8.9%)

8108 (+20.6%)

9071 (+11.9%)

9274 (+2.2%)

Ямааны мах

5039 (-4.2%)

5188 (+3.0%)

5504 (+6.1%)

7747 (+21.1%)

8724 (+12.6%)

8472 (-2.9%)

Импортын бараа, тэр дундаа хувцасны бүлгийн үнэ өсч инфляцын 2.1 нэгж хувийг бүрдүүлж байна.  Харин хатуу түлшний үнэ оны эхний 8 сард буурдаг хандлагатай боловч 5, 6 дугаар саруудад хэвэндээ байснаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.9 нэгж хувь байна. 

Шатахууны хилийн үнэ газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн савалгааг даган өөрчлөгдөж байгаагаас дотоодын шатахууны үнэ 4, 5 дугаар саруудад өссөн.  Харин тавдугаар сарын дундаас газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурснаар өнгөрсөн сард дотоодын шатахууны үнэ 30-40 төгрөгөөр буурав.

Манай улсын аялал жуулчлалын идэвхтэй улирал зургаадугаар сараас эхэлдэг бөгөөд үүнийг даган дотоодын аялал жуулчлалын үнэ өсөх хандлагатай байдаг.  Тайлант сард дотоодын аялал жуулчлалын үнэ өмнөх сараас 56.8 хувиар огцом өсч инфляцид үзүүлэх нөлөө нь 0.4 нэгжээр нэмэгдлээ. 

Дээрхээс бусад бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй өөрчлөлт багатай байж инфляцид үзүүлэх нөлөө нь тогтвортой байна.