Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар дахь бараа, үйлчилгээний үнэ сүүлийн 5 жилийн хамгийн өндөр түвшинд иржээ

Б.Ану
2019 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хороо өнгөрсөн долоо хоногт 2019 оны зургаадугаар сарын статистик мэдээллийг танилцуулсан билээ.

Энэ үеэр инфляцийн түвшин улсын хэмжээнд сүүлийн таван жил дэх зургаадугаар сараас хамгийн өндөр байгааг онцлон мэдээлсэн юм. Инфляц улсын хэмжээнд 8.1 хувьтай байгаа юм.

Тэгвэл энэ үзүүлэлт нь Улаанбаатарын инфляцийн хувьд ч адил буюу сүүлийн таван жил дэх хамгийн өндөр өсөлттэй зургаадугаар сар байжээ.

Инфляц улсын хэмжээнд зургаадугаар сард 8.1 хувийн өсөлттэй байгаа бол Улаанбаатарын тухайд 1.5 пунктээр илүү буюу 9.6 хувьтай байгаа юм.

График 1, Сүүлийн таван жил дэх улсын болон Улаанбаатар хотын инфляцийн түвшинг харуулахдаа жил бүрийн зургаадугаар сарыг үзүүлэв. Эх сур: ҮСХ, Монголбанк

ҮСХ-ны мэдээлэлд, Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 112-ын үнэ өсөж, 39 бараа, үйлчилгээний үнэ буурсан бол 193 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна гэжээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард өмнөх сараас 1.4 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн байна.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 16.0 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляцийн түвшин нэмэгдэх тусам төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаа нь ойлгомжтой. Тухайн улсад төв банкууд нь үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ худалдан авах чадварыг тогтвортой байлгах үүргийг хүлээж мөнгөний бодлого хэрэгжүүлж байдаг.

 

Монгол Улсын хувьд ч Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилтыг:

  1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
  2.  Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэж зааж өгсөн байдаг билээ. 

Инфляцийн түвшин, орон нутгуудад, 2019 оны зургаадугаар сард: 

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 
Эх сур: ҮСХ