Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс шинэ төрсөн хүүхдийн насыг нэгээс эхэлдэг уламжлалаа зогсоох талаар хэлэлцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын парламентын хэсэг гишүүд олон зууны уламжлалтай хүний насыг тоолох системээс татгалзах хуулийн төслийг санаачилжээ.

Уламжлал ёсоор тус улсад шинээр мэндэлсэн хүүхэд шууд нэг настайд тооцогддог ба шинэ он гарснаар хоёр нас хүрсэн гэж үздэг байна.

Өмнөд Солонгосын иргэд “солонгос нас”, “олон улсын нас” гэсэн хоёр настай байдаг нь гадаадынхныг төөрөгдүүлдэг гэнэ.

Нас тооллын энэхүү систем анх яаж бий болсныг хэдэн янзаар тайлбарладаг. Зарим нь хүүхдийн эхийнхээ хэвлийд байсан хугацааг насанд тооцдог гэж үздэг. Нөгөө нэг хэсэг нь Азийн эртний тооллын системд тэг гэсэн ойлголт байгаагүйгээс ингэж тоолдог гэж тайлбарладаг байна.

Ямартай ч энэ нь Хятадын соёлоос авсан уламжлал гэдэг нь ойлгомжтой. Хятад улс соёлын хувьсгалын дараа уламжлалт нас тооллын системээ халсан бол Японд 1900-аад оны үед барууны соёлыг хүлээж авахдаа зогсоосон байдаг. Умард Солонгост 1985 оноос эхлэн олон улсын жишгээр хүүхдийн насыг төрсөн өдрөөс нь эхлэн тоолох болжээ.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 20 орны нэг, Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос хүний насыг тоолох системээ олон улсын жишигт бүрэн шилжүүлэх ёстой гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press