Өнөөдөр Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг хуулиар хориглох нь үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж дүгнэсэн түүхэн шийдвэрийг гаргалаа.
Шийдвэрийн дагуу үр хөндөлтийг хориглосон хуулийг 2020 онд багтааж өөрчлөх захирамж гаргасан байна. 1953 онд батлагдсан одоогийн хуулийн дагуу хүчингийн хэргийн хохирогч болсон, цус ойртсон, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс бусад бүх тохиолдолд үр хөндөхийг хориглодог юм.
Хууль зөрчиж үр хөндүүлсэн эмэгтэйд хорих ял, мөнгөн торгууль оноох шийтгэлтэй.
Өмнөд Солонгос нь үр хөндөлтийг хуулиар хориглодог өндөр хөгжилтэй цөөхөн орнуудын нэг юм. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хоригийг цуцлахыг идэвхтэй шаардах болсон нь ийм үр дүнд хүргэж байна.
Хэдийгээр хуулиар хориотой ч үр хөндүүлэх явдал Өмнөд Солонгост түгээмэл байдаг. Өнгөрсөн онд явуулсан судалгаагаар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 20 орчим хувь нь үр хөндүүлж байсан гэж хариулжээ.
Харин тэдний ердөө 1 хувь нь хуулийн дагуу үр хөндүүлсэн байна.
2010 онд Өмнөд Солонгост 169,000 үр хөндөлт бүртгэгдэж байсан бол 2017 онд 50,000 орчим болж буурсан гэж тооцоолсныг засгийн газрын тоо баримтад дурджээ. Энэ нь сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх аргыг өргөнөөр хэрэглэдэг болж, эрүүл мэндийн боловсрол дээшилсэнтэй холбоотой гэнэ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!