Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хөдөө юу, Хот уу?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдвийн хүрээнд нийгэм дэх тэгш бус байдлуудыг хөндөж, датад суурилсан бүтээлээр өрсөлдөх Монголын сэтгүүл зүйн салбарын анхны хакатон өнгөрөгч сард болсон.

Энэхүү хакатонд сэтгүүлч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, аналистуудын хамтарсан нийт 12 баг ур чадвараа сорин өрсөлдснөөс шилдгээр шалгарсан багуудын бүтээлийг цуварлаар танилцуулж байна.

Гутгаар байрын шагналт бүтээл: БАЙРШЛААС ХАМААРАХ ТЭГШ БУС БОЛОМЖ

"GoHack" баг байршлаас хамаарсан тэгш бус хүртээмжийн асуудлыг сонгожээ. Тус багийнхан цуглуулсан мэдээлэл, статистиктаа тулгуурлан хөдөө орон нутаг болон нийслэлд аль алинд нь тэгш бус байдал, асуудал байгааг батлан харуулахыг зорьжээ.

https://www.facebook.com/HackInequality/videos/399180337547426/

"GoHack" багийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ "Бидний сэдэв Монгол Улсад байршлаас хамаарсан боломжийн тэгш бус байдал байсаар байгааг онцолсон. Үүнийг нийслэл болон орон нутгийн эрс тэс ялгаатай аж байдлаас харж болно. Үүний шийдлийг бид орон нутагт шинэ хот байгуулж, ард иргэдэд тэгш хүртээмжийг бий болгох гэж үзсэн. Тэр дундаа уул уурхайг түшиглэж, баялгаа зөв хувиарлах явдал юм.

Мэдээж шинэ хот байгуулах, дэд бүтцэд багагүй төсөв хэрэгтэй. Уул уурхай нь манай улсын ДНБ-ний 30 гаруй хувийг дангаараа эзэлдэг гэсэн тооцоо судалгаа бий. Тэр дотроо татвар төлөлтийн орлогоороо уул уурхайн идэвхтэй бүс нутаг болох Өмнөговь аймаг 52 хувийг нь дангаараа эзэлдэг. 

Гэхдээ уул уурхайг дагаад олон иргэн хот болон уурхай хоёрын хооронд нүүдэллэж амьдардаг. Хэрэв суурьшлын бүс бий болгоод тухайн иргэдийн ар гэр нь ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлбэл орон нутгаас хот руу чиглэх хүмүүсийн тоо буурч, иргэдэд хоёр дахь боломжит сонголт гарч ирнэ гэсэн үг" хэмээж байв.

Багууд 36 цагийн хугацаанд дата бүтээлээ бэлэн болгож, танилцуулсан бөгөөд энэ удаагийн хакатоныг сонирхогчид олон байсан нь дата сэтгүүл зүй монголын сэтгүүл зүйд ямар хүчтэй байр суурь эзэлж буйг харуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байв.

Сэтгүүл зүйн хакатоныг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран зохион байгуулсан юм.


ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН 36 ЦАГИЙН ХАКАТОН-ны талаар мэдээллүүд.