Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Тамир: Монгол дахь нийгмийн тэгш бус байдлыг харуулсан 12 дата бүтээл гарна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдвийн хүрээнд нийгэм дэх тэгш бус байдлуудыг хөндөж, датад суурилсан бүтээлээр өрсөлдөх Монголын сэтгүүл зүйн салбарын анхны хакатон болж байна.

Энэхүү хакатонд сэтгүүлч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, аналистуудын хамтарсан нийт 12 баг ур чадвараа сорин өрсөлдөх ба 36 цагийн хугацаанд дата бүтээлээ бэлэн болгож, танилцуулах юм. Энэ удаагийн хакатоныг сонирхогчид олон байсан нь дата сэтгүүл зүй Монголын сэтгүүл зүйд ямар хүчтэй байр суурь эзэлж буйг харуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байв. Сэтгүүл зүйн хакатоныг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран зохион байгуулж байна.

Монгол дахь нийгмийн тэгш бус байдлыг харуулсан 12 дата бүтээл гарна гэдэг хакатоны маш том ач холбогдол

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн фактчекер, хакатоны зохион байгуулагч Ц.Тамир "Манай төв эрэн сурвалжлах сэтгүүлчдэд ур чадвараа ахиулахад нь туслах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, дата сэтгүүл зүйн сүүлийн үеийн чиг хандлага нь мэдээллийн зуунд маш чухал байр суурь эзэлдэг чиг хандлага болоод удаж байна. Хакатон гэдэг нь нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг технологийн аргаар шийдэх мэргэжилтнүүд цугладаг үйл ажиллагаа ба дэлхийн олон оронд зохион байгуулах болсон. Сэтгүүл зүйн салбарт мөн энэ хандлага олон улсад нэвтэрч буйг бид ажигласны дүнд Монголдоо, сэтгүүл зүйн салбарт зохион байгуулахаар шийдсэн.

Зохион байгуулахад гарах хүндрэл ямар байх, хүмүүс хэр идэвхтэй оролцох талаар санаа зовж байлаа. Одоогийн байдлаар эцсийн дүн хараахан гараагүй ч хүлээлт өндөр, маш сэтгэл хангалуун байна. Бүртгүүлсэн хүмүүс хүртэл цагаа бариад ирчихсэн байсан. Эхнээсээ 10 багийг уралдуулна гэсэн ч гадны менторуудтайгаа зөвлөлдөж, шигшээд 12 багийг нь оролцуулахаар болсон.

Дата сэтгүүл зүй нь судалгаа, шинжилгээ их шаарддаг. Түүнээс гадна ганцхан сэтгүүлчид хийх зүйл биш юм. Бидний гол зорилго бол сэтгүүлчид, дата аналист, дизайнерууд хамтраад нэг зорилготойгоор нэг асуудлыг, түүнийхээ шийдлийг гаргаж ирэх юм. Мөн Монгол дахь нийгмийн тэгш бус байдлыг харуулсан 12 дата бүтээл гарна гэдэг хакатоны маш том ач холбогдол" гэв.

 

Монголд анх удаа болж буй энэ уралдааны оролцогчдод өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа, Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг нар мөн өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

"Нээлттэй дата мэдээлэл, мэдээллийн ойлгомжтой байдал хоёр нийлж байж дата сэтгүүл зүй хөгжинө"

 

Дойче Велле Академийн Монгол Улсыг хариуцсан менежер Патрик Беннинг "Монголд өмнө нь олон хакатон болж байсан ч сэтгүүл зүйн хакатон анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ нь Дойче Велле Академи Монголтой хамтран хийж буй томоохон төслийн нэг хэсэг нь юм. Дойче Велле Академи нь Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор дата сэтгүүл зүйн шинэ трендийг илүү таниулж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйтэй хослуулах үүднээс хакатоныг ашиглаж байна. 

Энэхүү хакатонд зөвхөн сэтгүүлчдээс гадна энэ салбартай холбогдох мэргэжлийн хүмүүс оролцож буйгаараа онцлог.

Бид 200 гаруй хүн бүртгүүлэхэд нь үнэхээр сэтгэл өндөр байсан. Хүмүүсийн сонирхол маш их байгааг харуулсан. Гэвч бүх хүнийг оролцуулах боломжгүй байсан тул эхний ээлжинд багуудыг шалгаруулж аваад оролцуулж байна. Мөн энэ удаагийн хакатонд Дойче Велле Академиас дата сэтгүүл зүйг хөгжүүлэх хүрээнд бэлтгэсэн сургагч багш нар ментороор оролцож байгаа.

Монгол Улс олон улсын түвшинд дата ашиглалтаараа сайн явж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл нэг хэвлэл нь шинэ содон юм хийгээд эхлэхээр нөгөө хэд нь дагаад хийж эхэлж байна шүү дээ. Дата мэдээллийн үнэ цэнийг ойлгож эхэлж байна. Нөгөө талаас, дата мэдээлэл нээлттэй байх нь маш чухал. Түүнчлэн олон нийтийн хувьд тэр дата мэдээлэл хэр зэрэг ойлгомжтой байх вэ гэдэг нь мөн чухал. Өөрөөр хэлбэл, нээлттэй дата мэдээлэл, мэдээллийн ойлгомжтой байдал хоёр нийлж байж дата сэтгүүл зүй хөгжинө” гэлээ.

Хакатонд өрсөлдсөн 12 багаас 3 багийг шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 4.5 сая, хоёрдугаар байр 3 сая, гуравдугаар байр 1.5 сая төгрөгийн шагналын эзэн болно. 

Тус уралдаанд олон улсын шилдэг мэргэжилтнүүд ментороор ажиллаж байгааг мөн хэлэх хэрэгтэй. 

Менторуудад:

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://hackinequality.mn/ сайтаас авах боломжтой.