Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болорсайхан: Тоо баримтад тулгуурлан асуудлыг хөндөж шийдэлд хүрч байгаа нь дата сэтгүүл зүйн онцлог

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс Дойче Велле Академитай хамтран “Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдэвт дата сэтгүүл зүйн хакатоныг энэ сарын 23,24-ний өдрүүдэд Монголд анх удаа зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. 

Тус тэмцээнд сэтгүүлч, аналист, дизайнер, хөгжүүлэгчид хамтран баг бүрдүүлсэн ба нийт 12 баг сонгосон сэдвүүдээрээ дата бүтээл хийж, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. 

Тэргүүн байр: "МҮОНРТ SetUp" баг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын тэгш хүртээмжээр сурч, хөгжиж чадахгүй  байна” сэдэвт бүтээлээр

Сэтгүүлчид маань хэрэгтэй дата мэдээллээ эрэн сурвалжилж, илүү мэргэжлийн байгаасай...

 

"МҮОНРТ SetUp"  багийн ахлагч, МҮОНР-ийн редактор Г.Батзаяа: Манай баг ярилцсаны эцэст “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын тэгш хүртээмжээр сурч, хөгжиж чадахгүй байна” сэдвийг сонгосон.

Энэ сэдвийг хүмүүс мэддэг, байдаг л асуудал юм шиг боловч тус сэдвээрх судалгаа, материал, бүтээлийн тухайд цөөн байдаг юм байна.

36 цагийн хугацаа гэдэг урт юм шиг анх санагдаж байсан ч яг сэдэв дээрээ ажиллаад ирэхээр маш хурдан өнгөрлөө. Манай баг эхний өдрөө сэдэв, зохиол гэж явсаар байгаад хоёр дахь өдрийнхөө өглөө зохиолоо бэлэн болгож, графикчид маань ажилдаа орсон.

Ер нь анх удаа сэтгүүлч хүний хувьд графикч, хөгжүүлэгч, дизайнертай баг болон ажиллаж үзлээ. Сэтгүүлч гэхээр л ганцхан яриа авах биш өөр мэргэжлийнхэнтэй хамтраад ажиллавал богино хугацаанд, чанартай, хүнд хүрсэн бүтээл гаргах боломж бүрэн байдгийг мэдэрсэн. Анх 36 цаг гэдгийг нь сонсоод өдөр нь ажиллаад шөнө нь харьчих юм байна л гэж бодсон. Гэтэл бодсоноос өөр зүйл угтсан нь сайхан байлаа.

Ер нь сэтгүүлчид маань хэрэгтэй дата мэдээллээ эрэн сурвалжилж, илүү мэргэжлийн байгаасай гэж хүсч байна.

Дэд байр: "Steppe" баг /орон нутгийн баг/ “Гэр бүлийн цуцлалт, хүүхдийн эрхийн тэгш бус байдлын тухай” сэдэвт бүтээлээр

 

“Steppe” багийн ахлагч, Төв аймгийн "Төв" телевизийн захирал Ж.Энхбаатар: Манай баг орон нутгаас оролцсон. Миний хувьд багтаа дизайнерын үүргийг гүйцэтгэсэн. Баг маань зургаан гишүүнтэй ба Завхан, Архангай, Төв аймаг, Дархан уул аймгаас ирсэн хүмүүс байлаа. Сонгож авсан сэдвийн тухайд “Гэр бүлийн цуцлалт, хүүхдийн эрхийн тэгш бус байдлын тухай” сэдвээр 36 цагийн турш дата анализ, анимейшин бүтээл хийсэн.

Анхны тэмцээн маань ингэж сайхан эхэлсэн явдалд баяртай байна. Энэ арга хэмжээг тэмцээн уралдаан гэхээсээ илүү сургалтын шинэ арга хэлбэр гэж ойлгосон. Үнэхээр 24 цагийн хугацаанд нойргүй хонож, бүх сэтгэлээ гарган, баг болж хамтраад хийсэн бүтээлээ харахад сайхан байсан. Бид бүтээлээрээ шүүхийн дээд зөвлөлийн датаг боловсруулан гаргасан. 2017 оны байдлаар жилд дунджаар 12,000 хүүхэд гэр бүл цуцалснаас болж нөхөн төлбөр авах шүүхийн шийдвэр гарч байна. Энэ тоо бол маш их тоо. Бидэнд хийх зүйл их байгаа гэдгийг дахин мэдэрлээ.

Гутгаар байр: "GoHack"  баг “Байршлаас хамаарсан тэгш бус хүртээмжийн тухай /уул уурхайн салбар/ сэдэвт бүтээлээр

 

 

Тоо баримтад тулгуурлан асуудлыг хөндөж шийдэлд хүрч байгаа нь дата сэтгүүл зүйн онцлог 

 

Хакатоны шүүгч, Хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан: Шүүгчдийн зүгээс асуудлаа хөндөж гаргаж ирсэн байдал, мэргэжлийн ур чадвар, асуудлаас гарах шийдэл, олон нийтэд хүртээмжтэй байдлыг нь тус тус харгалзан шалгаруулалтаа явуулсан. Энэ бүгдийг үндэслээд шүүх гэж хичээлээ.

Шүүгч хийхэд ажиглагдсан нэг зүйл нь нийгмийн тулгамдсан асуудалд өөр  мэргэжил ч гэлээ хамтарч ажиллаж чадвал ямар сайн үр дүнг харуулдаг болохыг харлаа. Мөн тухайн асуудлыг таамаглаж гаргахаасаа илүү бодитой тоо баримтанд тулгуурлан асуудлыг хөндөж шийдэлд хүрч байгаа нь дата сэтгүүл зүйн онцлог гэдгийг ойлголоо.

Тулгамдаж буй асуудлыг олж харсан бол түүхийг нь өгүүлж, ард байгаа баатрыг нь олж бичих нь чухал 

 

Хакатоны шүүгч, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа: Дата сэтгүүл зүй нь өөрөө шинэлэг ажил учраас багуудад алдаа дутагдал бол байсан. Илүү өргөн хүрээнд ярьж, гол санаагаа бага зэрэг алдсан тохиолдол гарсан. Цаашид манай сэтгүүлчид юуг анхаарах ёстой вэ гэхээр ямар нэгэн тулгамдаж буй асуудлыг олж харсан бол түүхийг нь өгүүлж, нотолгооны ард байгаа баатрыг нь олж бичих нь чухал гэж хэлэх байна.

Зүгээр хоосон тоо бичвэл сонирхолгүй тул арай сонирхолтой байдлаар мэдээллээ хүргэж олон нийтийн анхаарлыг татвал илүү үр дүнтэй.

Статистик гэдэг үг нь их хуурай, шинжлэх ухаанч үг байдаг тул хүн болгон төдийлөн сонирхоод байдаггүй. Тэгэхээр тухайн мэдээллийг дамжуулдаг хүмүүс маань дата, статистик гэдэг нь зөвхөн өгөгдөл гэдгийг ойлгон өөр мэдээтэй тулгаж, өөр хэлбэрээр гаргавал илүү хүртээмжтэй. Нэмж хэлэхэд ikon.mn-д хувийнхаа зүгээс, байгууллагынхаа зүгээс талархал илэрхийлмээр байна. Учир нь манай мэдээллийг хамгийн өргөнөөр хамгийн сайнаар ашиглаж олон нийтэд хүргэдэг сайтын нэг. Өөр олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмн адил ашиглаад тулгамдсан олон асуудлыг нийгэмд гаргаж ирвэл сайхан ирээдүй бий болно гэдэгт итгэлтэй байна. 

Дата сэтгүүл зүйн хакатоныг Монголд анх удаа зохион байгуулсан учраас үйл ажиллагааны болон дата сэтгүүл зүйн талаарх ойлголтыг зорилтот блгийн хүмүүст өгөх, мөн гадаадын дата сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг бий монгол хэлээр хүргэх зорилгоор http://hackinequality.mn/ цахим хуудсыг ажиллуулж байна.